“Сүрьеэгүй Сэлэнгэ” хөтөлбөр улсад жишиг болж манлайлна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн ЭМГ-аас “Хэнийг ч орхигдуулахгүйгээр сүрьеэгийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд бид манлайлна” сэдэвт төвийн бүсийн удирдах ажилтны нөлөөлөх уулзалт, хэлэлцүүлгийг Сүхбаатар хотноо зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Дархан-Уул, Орхон, Булган, Төв зэрэг таван аймгийн төлөөллөөс гадна ЭМЯ, ХӨСҮТ, ДЭМБ, аймгийн ЗДТГ-ын холбогдох алба хаагчид оролцов. Хэлэлцүүлгийн үеэр ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Д.Энх-Мандах “Сүрьеэ амьсгалын замаар халдварладаг нийгмийн халдварт өвчин. ДЭМБ-ын судалгаанд Ази, Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл тархалтаар өндөр дөрвөн орны нэгд Монгол Улс бий гэж тэмдэглэсэн байдаг. Нэг сүрьеэтэй өвчтөн 10-15 хүнд халдвар тараах боломжтой байдаг тул аль болох эрт оношилж, архагшуулалгүй эмчилж чадвал халдварын тархалтыг хязгаарлаж чадахаас гадна айл өрхийн болон улс орны эдийн засаг төсөв зардлыг хэмнэх боломжтой” хэмээн ярив.
Сэлэнгэ аймаг сүрьеэгийн өвчлөлөөрөө улсдаа дээгүүрт ордог бөгөөд энэ нь олон хүчин зүйлсээс шалтгаалдаг гэдгийг мэргэжилтнүүд онцолж байв. Дэлхий нийтэд байгаа статистик үзүүлэлтээс харахад ОХУ, Хятад зэрэг улс орнууд нь сүрьеэгийн өвчлөлөөр тэргүүлдэг аж. Сэлэнгэ аймгийн хувьд ОХУ-тай хил залгаа оршдог тул өвчлөлд өртөх гол хүчин зүйлс нь болдог гэх. Тиймээс хил залгаа нутгийнхантай ажлын уялдаа холбоогоо сайжруулж хамтран ажиллах нь чухал ач холбогдолтой аж.
Аймгийн ЭМГ-аас сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх ажилд төр захиргааны болон иргэд олон нийт, бусад салбаруудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2017 оны нэгдүгээр сарын 6-нд хуралдсан аймгийн ИТХ-ийн Тэргүүлэгчдийн хуралдаанд сүрьеэгийн өвчлөл, тархалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар мэдээлэл хийж аймгийн хэмжээнд “Сүрьеэгүй Сэлэнгэ хөтөлбөр”-ийг батлуулсан байна.
Мөн нэг жил зургаан сарын хугацаанд дэвшүүлсэн зорилтынхоо хүрээнд 10 чиглэлээр 32 ажил үйлчилгээ төлөвлөн амжилттай хэрэгжүүлж ажиллажээ. Тухайлбал,“Сүрьеэгүй Сэлэнгэ” хөтөлбөрийн хүрээнд зөөврийн дижитал рентген аппаратаа ашиглан аймгийн хэмжээнд боловсрол, соёлын байгууллага, хилийн цэрэг, хүчний байгууллага, олон нийтийн зах, худалдааны төв, 14 сумын нийт 16000 иргэн мөн Дархан-Уул аймгийн Шарын гол, Төв аймгийн Сүмбэр, Жаргалант, Батсүмбэр, Дорноговь аймгийн Сайншанд сум, ХӨСҮТ-ийн хүсэлтээр Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль зэрэг нийт 20 гаруй нэгжийн 20000 гаруй ард иргэдэд цээжний хөндийн эмгэг илрүүлэх оношлогоог хийж тодорхой тооны сүрьеэгийн шинэ тохиолдлыг эрт үед нь илрүүлж, эмчилгээнд хамруулсан байна.
Тиймээс “Сүрьеэгүй Монгол” хөдөлгөөнийг өрнүүлэхэд Сэлэнгэ аймаг улсдаа загвар болж манлайлж чадна гэдгийг бүсийн хэмжээнд хүлээн зөвшөөрч байгаа аж.
Ч.Отгонцэцэг