Баян-Өлгийн 1000 хүүхэд ногоон паспорттай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-09-28 15:17:41

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас санаачилан хэрэгжүүлж буй "Ногоон паспорт" аяны хүрээнд Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын 1000 сурагчдад ногоон паспорт олголоо.  

Тус аяны нээлт есдүгээр сарын 28-нд Өлгий хотын Хөгжимт драмын театрт болсон бөгөөд аймгийн төвийн ерөнхий боловсролын 17 сургуулийн "Эко клуб"-үүдийн төлөөлөл болох 500 сурагч оролцлоо. Арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар оролцож үг хэлэв. "Байгаль орчныг хамгаалах нь зөвхөн төрийн байгууллагуудын ажил биш бүх нийтийн үүрэг. Ялангуяа хүүхэд багачууд энэ үйлсэд идэвхтэй оролцох ёстой.

Тийм учраас бид өнгөрсөн онд бүх сургуульд "Эко клуб" байгуулсан. Энэ жил клубын гишүүдийн байгаль орчинд хандах хандлагыг нь өөрчлөхийг зорьж байгаа төдийгүй өрх болгоныг байгаль хамгаалагчтай болгох  зорилгоор аймгийн 1000 сурагчид ногоон паспорт олгож байгаа" гэж Засаг дарга А.Гылымхан онцоллоо.

Энэ үеэр БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн багш нар хүүхдүүдэд байгаль орчныг хайрлаж хамгаалахын ач холбогдол болон ногоон паспортын талаар хичээл заав. Ногоон паспортыг сурагчид өөрсдөө хөтлөх бөгөөд ус, эрчим хүчийг хэмнэх, хог хаягдлыг ангилах, орчноо цэцэгжүүлэх, байгальд ээлтэй аялах, хаягдал зайг хэрхэн хураах зэрэг заавар зөвлөмжүүд орсон ажээ.

Түүнчлэн бүх сургуулиудад  хаягдал хуруу зай хураах хайрцаг хүлээлгэж өгсөн. "Ганцхан ширхэг хуруу зай нь дөрвөн метр квадрат хөрсийг хордуулж, 800 мянган литр усыг бохирдуулдаг гэсэн судалгаа байдаг. Сурагчид эдгээр хайрцагт хаягдал зайнуудыг цуглуулж бидэнд хүлээлгэж өгнө. Бид нэгдсэн журмаар устгалд оруулах ажлыг зохион байгуулна" хэмээн аймгийн БОАЖГ-ын дарга Д.Айбек хэллээ.

“Ногоон паспорт” аян нь тодорхой хугацаа заасан богино хугацааны хөтөлбөр биш бөгөөд цаашид олон жил үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ажээ.

Ө.Нурболат

相关新闻