Ардын уран зохиолч Б.Баастын 95 насны ойд Ерөнхийлөгч мэндчилгээ илгээв
МОНГОЛЫН МЭДЭЭМонгол Улсын Ардын уран зохиолч, СГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Б.Баастын 95 насны ойг тохиолдуулан “ХХ зууны уран зохиолын түүх ба зохиолч Б.Бааст” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, уран бүтээлийн үзэсгэлэн, номын нээлт өнөөдөр Хүүхдийн номын ордны уншлагын их танхимд болов.
Ардын уран зохиолч Б.Баастын 95 насны ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ илгээснийг уг ёслолын үеэр Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд уншиж сонсгов.
Ерөнхийлөгчийн мэндчилгээнд “Монгол Улсын Ардын уран зохиолч, СГЗ Бөхийн Бааст Таны амар амгаланг айлтгаж, 95 нас сүүдэр зооглож буйд баяр хүргэн, аз жаргал, сайн сайхны дээдийг хүсэн ерөөе.
Монголын баруун хязгаарт, одоогийн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Түнгэ, Хоогийн булгаас ундаалж өссөн, 15 насандаа буюу 1936 онд “Миний нутаг” хэмээх анхны шүлгээ бичин үгийн урлагийн ертөнцөнд хөл тавьсан Бөхийн Баастыг Монголын ард түмэн андахгүй сайн мэддэг. Алтайн сүрлэг уулсын унаган хүү Бөхийн Бааст Хүүхдийн уран зохиолын "Гурван ишиг", "Хөөрхөн Баадий", "Бушуу туулай", дууны шүлгийн “Хайрын дуу”, “Намрын шөнө голын эрэг дээр”, "Чамайг үдье", өгүүллэг, туужийн "Алтайн цэцэг", "Хунгийн дууль", "Хөвчийн бор" зэрэг хэдэн арван бүтээл туурвисан нэрт уран бүтээлч болж, Монгол түмнийхээ хүндлэлийн магнайд заларч яваагаар нь бахархаж байна.
Уран зохиолын гэгээн ертөнцөд амьдарч, хөнгөн бийрийг хөшин хүний сэтгэлийг хөдөлгөж, үгээр урлах эрдэм ухааны арвин баялаг өвийг бүтээн, Монголын орчин үеийн уран зохиолын цаг цагийн бодит гэрч болсон Бөхийн Бааст гуай бол уншигч, сэтгэгч, хөдөлмөрч хүн бүхний үлгэр дуурайл юм. Таны бүтээсэн хийгээд бүтээх үйлс улам бүр төгөлдөр байг. Танд эрүүл энх, саруул сайхныг хүсэн ерөөе” гэжээ.
Эрдэм шинжилгээний хуралд СГЗ, шинжлэх ухааны доктор Д.Цэдэв “Амьдрал, баримт, уран сэтгэмж-зохиолчийн эрэл олз”, Улаанбаатар их сургуулийн багш, доктор, дэд профессор А.Мөнх-Оргил “Баримтыг уран сайхнаар илэрхийлэн нээгч-Холын хүү”, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Д.Болормаа “Б.Баастын хүүрнэл зохиолын уран чадварын асуудалд” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Мөн энэ үеэр “Бөхийн Бааст” номын нээлт боллоо. Тус номын өмнөтгөлд редактор, доктор, профессор С. Байгалсайхан, “Б.Бааст гуайн туурвилыг цаг хугацаагаар авч үзвэл бараг зуун жилтэй тэнцэнэ. Түүний шүлэг, дууль, өгүүллэг, тууж, тэмдэглэл, захиа бичиг, баримт тэмдэглэл нь нэг талаас XX зууны монголын утга зохиолын түүх, нөгөө талаас монголын нийгмийн харилцааны ээдрээтэй, учир битүүлэг олон үйл явдал, түүхэн хүмүүсийн хувь заяаг тодруулах эх сурвалж болж буйгаараа онцгой ач холбогдолтой юм” хэмээжээ.
Ж.Болор