"Сум бүрт нэг үйлдвэр- үйлчилгээ” хөтөлбөр хэрэгжүүлэхээр батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-09-28 10:43:26

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс “Сум бүрт нэг үйлдвэр-үйлчилгээ” хөтөлбөрийг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэхээр баталлаа.

Хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар /2018-2020 он, 2021-2024 он/ тус тус хэрэгжүүлэх бөгөөд  бүсчилсэн хөгжлийн бодлого, орон нутгийн онцлогт тулгуурлаж бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээг сум бүрээр тодорхойлон гаргаж, тэдгээрийг санхүү хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжин ажиллах аж.

Түүнчлэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх таатай орчин бүрдүүлэх, түүхий эд бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, стандартыг нэвтрүүлэх, сум бүрт бий болох үйлдвэр үйлчилгээг дагасан дэд бүтэц, ложистикийг хөгжүүлэх, үйлдвэр үйлчилгээний салбарт хийгдэх хөрөнгө оруулалт, санхүүжилтийг оновчтой болгох, зээл тусламжийн үр ашигтай зарцуулалт, эргэн төлөлтийг сайжруулах зэрэг зорилтын хүрээнд  хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгажээ.

“Сум бүрт нэг үйлдвэр-үйлчилгээ” хөтөлбөр хэрэгжсэнээр үйлдвэрлэл үйлчилгээний шинэ төрлүүд нэмэгдэж, бүтээгдэхүүний нэр төрөл чанар сайжирч, ажлын байр шинээр бий болж ажилгүйдэл багасах аж. Мөн иргэдийн ашиг орлого нэмэгдэж амьжиргааны түвшин ч сайжрах юм. Цаашлаад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаа тогтмолжиж, дэвшилтэт техник технологи нэвтрүүлж, бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар сайжирснаар эдийн засгийн тогтвортой өсөлт бий болно хэмээн үзэж буй.


Ч.Отгонцэцэг

相关新闻