Сэлэнгийн ногоочид шилдэг нь байж чадав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-09-28 10:16:35

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Жил бүр болдог "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээ есдүгээр сарын 18-24-нд  нийслэлийн "Мишээл экспо" төвд 13 дахь жилдээ болоход Сэлэнгэ аймгаас Шаамар, Сүхбаатар, Зүүнбүрэн, Мандал, Цагааннуур, Жавхлант, Орхон, Хушаат, Баруунбүрэн сумын 80 гаруй ногоочин, 10 хүнс үйлдвэрлэгч оролцлоо

Долоо хоногийн турш нийслэлийн хүн амыг экологийн цэвэр төмс, хүнсний ногоо, хүнсний бүтээгдэхүүнээр ханган ажилласан Сэлэнгийн ногоочид ес дэх удаагаа мөн л шилдэг зохион байгуулалттай оролцсон аймгаар шалгарсан.

“Намрын ногоон өдрүүд-2017” нэгдсэн арга хэмжээний шинэ ургацын “Алтан намар-2018” үзэсгэлэн худалдаанаас “Зохион байгуулалт сайтай оролцсон аймаг”-аар Сэлэнгэ, “Зохион байгуулалт сайтай сум”-аар Сэлэнгэ аймгийн Шаамар сум, “Хамгийн их олон нэр төрлийн ногоо тарьж, сурталчилсан ногоочин”-оор Сэлэнгэ аймгийн Мандал сумын ногоочин Т.Саранцэцэг, “Эрүүл төмс борлуулсан ногоочин”-оор Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ногоочин Ш.Цогжавхлан нар шалгарч өргөмжлөл цомоор шагнуулав.

Үйлдвэрлэгчид 1600 ширхэг хмелийн талх, 1500 ширхэг утсан загас, 420 тонн төмс, 590 тонн хүнсний ногоо, 7500 ширхэг даршилсан ногоо, 1000 ширхэг жимс, жимсгэний суулгац, 2.5 тн зөгийн бал борлуулж, 620 сая төгрөгийн борлуулалт хийжээ.

“Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор зохион байгуулагдсан “Намрын ногоон өдрүүд-2018” нэгдсэн арга хэмжээ нь шинэ ургацын “Алтан намар-2018”, дотоодын хүнсний бүтээгдэхүүний “Эрүүл-Монгол Хүнс-2018” гэсэн хоёр арга хэмжээний хүрээнд болсон юм.

Энэ нь хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцлийг бүрдүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зорилготой байлаа.  

Ч.Отгонцэцэг

相关新闻