Адаацаг сум хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-09-25 14:46:11

Дундговь/МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Адаацаг сум хөгжлийн урт хугацааны стратеги төлөвлөгөөгөө боловсруулж сумынхаа ИТХ-ын ээлжит бус хоёрдугаар хуралдаанаар батлууллаа.  

Сумын 2018-2028 оны урт хугацааны хөгжлийн тэргүүлэх чиглэлийг ард иргэд “Бэлчээрийн мал аж ахуй, түүнд түшиглэсэн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх” хэмээн тодорхойлсон бол орон нутгийнхаа иргэдийн амьжиргааг дээшлүүлж нийтээрээ ашигтай, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, иргэндээ ээлтэй сум болох  алсын хараа дэвшүүлжээ.

Эдийн засаг нийгмийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажил нь иргэдийн саналд тулгуурласан, олон хүний хүч хөдөлмөр, цаг хугацаа, оюуны цар хүрээг шаардсан ажил байдаг аж. Сумынхаа ирээдүйг өөдрөгөөр харж, иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэн ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, бүтээн байгуулалтын төлөөх чиг хандлагыг тодорхойлж, иргэдийнхээ ая тухтай аюулгүй орчинд ажиллаж амьдарч, сурч боловсрох таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд хэтийн төлөвлөгөө чиглэгдэж буйгаараа ач холбогдолтой гэж албаныхан онцлов.

 Дундговь аймгийн нийт 15 сумаас 11 сум нь урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөтэй байсан бол одоо Адаацаг сум нэмэгдлээ. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг “Говийн хөгжил Наран” төрийн бус байгууллага хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн гишүүдтэй хамтран боловсруулжээ.

 Д.Алтантогос

相关新闻