Завханы хүүхдүүд эх оронч үзлийг үйл хэргээрээ манлайллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-09-20 21:21:31

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн ерөнхий боловсролын сургуулийн X,XI,XII ангийн сурагчдын дунд “Бид Чингисийн үр сад” нэрийн дор зөв тэмүүлэл, эх оронч манлайллыг төлөвшүүлэх сургалт амжилттай боллоо. Есдүгээр сарын 20-нд сургалтын хаалт болж 24 сумын 1200 гаруй хүүхдүүд цэргийн үзүүлэх тоглолт хийж шилдгүүдээ тодруулав. Мөн 3000 хуурч хүүхдүүд морин хуур тоглов.

“Бид Чингисийн үр сад” нэрийн дор зөв тэмүүлэл, эх оронч манлайллыг төлөвшүүлэх сургалтаар хүүхдүүдэд эх оронч үзлийг төлөвшүүлэх, эх орныхоо түүхээр бахархах, өөрийгөө ялах чадвартай, бусдын төлөө сэтгэлтэй болгох, найз нөхдөөсөө суралцах, цэрэг эх оронч хүмүүжил төлөвшилтэй, эрүүл чийрэг бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг өгөх зорилготой аж.

Завхан аймгийн хэмжээнд есөн бүсэд нэгэн зэрэг сургалт явагдаж цэрэг марш тактикийн тэмцээн, нийгэмд тустай бүтээн байгуулалтад оролцуулах, олны танил хүмүүсийн цуврал лекц, урлаг соёл, спортын үйл ажиллагааг тус тус зохион байгуулжээ. Сургалтын үеэр Их-Уул сумын нутагт орших Ар ганга хэмээх ууланд гарсан түймрийн улмаас шатсан ойг Хууль сахиулахын их сургуулийн 300 гаруй оюутан, Завхан аймгийн 24 сумын 1200 гаруй сурагч нэгдэн цэвэрлэжээ.

Сургалтын баазад мэргэжлийн сургагч багш нар тусгай хөтөлбөрөөр хичээл заасан байна. Мөн гамшиг, эрсдэлийн үед ямар арга хэмжээ авах талаар Хууль сахиулахын их сургуулийн багш, сургагч нар сургалтад хамрагдаж буй хүүхдүүдэд хичээл заажээ. Мөн хөтөлбөрийн хүрээнд хээрийн сургалтын бааз Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутагт байрлаж, хүүхдүүд сэтгэлзүйн бэлтгэл, галын бэлтгэл, цэргийн дүрэм, жагсаалын бэлтгэл, биеийн тамир-гардан тулаан, цэрэг эх оронч хүмүүжил зэрэг сэдвүүдээр хичээл заалгаж мэргэжлийн багаар ахлуулан ойн цэвэрлэгээ хийсэн аж.

Дашрамд Их уул сумын нутагт орших Ар ганга ууланд 2002 онд гарсан түймрээс болж 577 га талбай ой шатсан байна. Харин Завхан аймагт 732,065 га буюу улсын нийт ойн дөрвөн хувь байдаг ч ойн 133,089 га буюу 18,17 хувь нь шатжээ. 2002 оноос хойш нийт 3600 га шатсан ойг цэвэрлэсэн тухай албаныхан мэдээлэв.


Монгол Улсын Ерөнхийлөгч хөтөлбөр, сургалтад оролцож буй хүүхдүүдтэй уулзлаа



Есдүгээр сарын 18-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Завхан аймагт ажиллахдаа УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын санаачилга, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханы захирамжийн дагуу хэрэгжиж байгаа “Эх оронч хүүхэд” хөтөлбөрийн явцтай танилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг Ар ганга хэмээх газар очиж сурагч, оюутнуудын бэлтгэл, ойн цэвэрлэгээ зэрэг хөтөлбөртэй танилцаж өөрийн санал бодлоо хуваалцсан бол есдүгээр сарын 19-нд эх оронч хүүхдүүдтэй хамт байрлаж, тэдний хөтөлбөртэй танилцаж, өглөөний дасгал хийж, 2000 гаруй хүүхдэд биечлэн батламж гардуулсан юм.

Батламж гардуулахын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, “Бид Чингисийн үр сад-Зөв тэмүүлэл, эх оронч манлайлал” сургалтын бэлтгэл ажил болон сургалтын талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн дэд дарга Я.Санжмятаваас байнга авч байсан болохоор өнөөдөр та бүхэнтэй уулзахаар зорьж ирлээ.

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад эх оронч үзлийг төлөвшүүлэх, эх түүхээрээ бахархах, өөрийгөө ялах, бэрхшээлийг даван туулах, бусдад туслах сэтгэлгээтэй иргэдийг төлөвшүүлэх, бие биеэсээ суралцах, сурснаа бусадтай хуваалцах дадал суулгах, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй болгох зорилгоор энэхүү сургалт зохиогдсон нь чухал юм.



Сургалтын явцад цэргийн анхан шатны мэдлэг, чадвар, дадал олгох танхимын сургалт, цэргийн анхан шатны практик сургалт, марш тактикийн сургалт явуулж, сурагчдыг нийгэмд тустай бүтээн байгуулалтын ажилд оролцуулсан байна. Мөн олны танил хүмүүс лекц уншсан гэж сонслоо. Товчхондоо богино хугацаанд сурагчдад ихийг ойлгуулсан эрчимтэй сургалт болжээ. Эх оронч үзэл бол зөвхөн бодол санаа, хэл яриагаараа төлөвшдөг зүйл биш.

Эх орноо хайрлах, эх орондоо зүтгэх нь үйл хэрэг, чин сэтгэл, хичээл зүтгэлээр дамжин хэрэгждэг. Сургалт эх оронч үзлийг бодитоор ойлгуулсан, мэдрүүлсэн ажил хэрэгч арга хэмжээ боллоо гэж ойлгож дэмжиж байна. “Зөв тэмүүлэл, эх оронч манлайлал” сургалтыг амжилттай зохион байгуулсан УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын ажлын алба, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хууль сахиулахын их сургууль, дотоодын болон хилийн цэрэг, Завхан аймгийн ЗДТГ-т талархал илэрхийлье.

Сургалтад хамрагдаж өөрийгөө сорьсон нийт сурагчиддаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Эх орныхоо ирээдүй болсон хүүхэд залуустаа бие бялдрын тэгш хөгжилтэй, эх оронч үзэлтэй иргэн болж, улсынхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулахын тулд өвөг дээдсийнхээ түүх, уламжлалыг хүндэтгэж, байгаль дэлхийгээ хамгаалах сэтгэлтэй, оюун ухаанаа хөгжүүлэхэд илүү ихээр шимтдэг байгаарай гэж захья.

Эх орончдын залгамж халаа болсон сурагч багачууддаа сайн сайн бүхнийг хүсэн ерөөе. Баярлалаа та бүхэндээ” гэв.  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа оюутан, сурагчдад батламж гардуулж, дурсгалын зураг авахуулжээ.


Ойн цэвэрлэгээгээр 288 сая төгрөгийн үнэлгээтэй мод  бэлтгэжээ



“Бид Чингисийн үр сад-Зөв тэмүүлэл, эх оронч манлайлал” сургалтын хүрээнд Ар ганга уулын  168 га талбайг цэвэрлэх ажээ. Энэхүү үйл ажиллагаанд Завхан аймгийн 66 аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын 400 гаруй ажилтан, албан хаагч, нийт 2200 гаруй хүн ойн

цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж, оролцож байна.

Мөн ойн цэвэрлэгээ хийхийн тулд Тосонцэнгэл сумын Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд 200 хүнд хөрөөчний мэдлэг олгож, сургалтад суулгасан. Ойн цэвэрлэгээнд сайн дураараа оролцож байгаа хүүхдүүдийн аюулгүй ажиллагааг хангахын тулд мэргэжлийн байгууллагууд хамтран зааварчилгаа өгч ажиллажээ.

Тухайлбал таван сурагчид нэг мэргэжлийн зааварлагч оногдож ажилласан.168 га талбайг цэвэрлэхийн тулд нэг мэргэжлийн байгууллагад дөрөв хүртэлх га талбайг ногдуулсан. Цэвэрлэгээний ажлыг мэргэжлийн байгууллагууд наймдугаар сарын сүүлээс өнөөдрийг хүртэл зохион байгуулж байгаа.

Өнгөрсөн 15 хоногийн хугацаанд ачихад бэлэн 60 машин мод гаргаад байна. Ойн талбайд хэмжилт хийж үзэхэд нэг га талбайгаас 25 куб метр мод гарна гэж тооцвол 168 га талбайгаас 4200 куб метр мод бэлтгэгдэх тооцоо гарч байгаа. Өнөөдөр Тосонцэнгэл, Их-Уул суманд “Зил-30” машин мод 200-250 мянган төгрөг, аймгийн төвд 550-600 мянган төгрөгийн ханштай байна.

Харин цэвэрлэгээнээс гарсан модыг зах зээлийнх нь ханшаар тооцож үзвэл, сумын ханшаар 131 сая төгрөгийн мод, аймгийн ханшаар 288 сая төгрөгийн үнэлгээтэй мод цагаалан бэлтгэсэн. Эдгээр модыг аймгийн төсөвт байгууллагуудад хүлээлгэн өгнө хэмээн Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Мөнхбат мэдээлэв. Хөтөлбөр, сургалтын хүрээнд 168 га талбайд цэвэрлэгээ хийжээ


Засаг дарга Д.Батсайхан: "Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлал” сургалтын зорилго нь хүнийг хүн болгоход чиглэж байгаа



Бид ЕБС-ийн ахлах ангийн хүүхдүүдийг өөртэйгөө тэмцдэг чадвартай, ирээдүйдээ зорилго тэмүүлэлтэй, эх орноо хайрлаж хамгаалдаг болгох зорилгыг тавьж, эдгээр ур чадварыг суулгах сургалт, хичээл орж байна. Мөн сургалтын хүрээнд нийтийг хамарсан, нийгэмд тустай үйл хэргийг гүйцэтгэж байгаа.

Хөтөлбөрт оролцож байгаа хүүхдүүд сургалтад хамрагдахын хажуугаар 24 суманд, сум бүрд хоёроос долоон айлын хашааг шохойдож будаж, цэвэрлэж өгсөн. Мөн бүтээн байгуулалтын ажилд оролцож, авто зам баригдаж байгаа гурван хэсэгт хог, чулууг түүж цэвэрлэсэн. Харин өнөөдөр шатсан ойг цэвэрлэх ажилд оролцож байна.

Энэ нь хүүхдээр юм хийлгэх биш, нийгмийн тустай үйлсэд гар бие оролцуулж, түүгээрээ дамжуулан хүүхдийг хүмүүжүүлэх зорилготой. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд ойг цэвэрлэж, нөхөн сэргээх ажил тасралтгүй хийж 160 га талбайг л цэвэрлэсэн байдаг. Харин 15 хоногт хөрөөчид, хүүхдүүдтэй нийлээд 168 га газрыг цэвэрлэлээ. Энэ бол хамтын хөдөлмөрийн үр дүн, амжилт юм.

Цаашид манай аймаг бодлогоор хүүхдүүдээ хөгжүүлэх олон талын үйл ажиллагааг явуулна. Энэ удаагийн хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд багаар ажиллах чадвартай, тэсвэр тэвчээртэй, хүсэл тэмүүлэлтэй болсон байх. Ойн цэвэрлэгээнд хүүхдүүд, мэргэжлийн байгууллагууд, Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид гээд 2200 гаруй хүн оролцлоо хэмээн Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан  ярилаа.

“Монгол бахархал-3000” тоглолт болов

“Бид Чингисийн үр сад, Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлалнэртэй хөтөлбөрийн хаалтыг "Монгол бахархал-3000" тоглолтоор өндөрлүүллээ.

Монгол улсын өнцөг булан бүрээс буюу Завхан аймгийн 29 сургуулийн 1000 гаруй хуурч, Орхон, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Говь-алтай, Ховд, Хөвсгөл, Нийслэлийн 7 дүүрэг, МУБИС, ХААИС, ШУТИС, СУИС-ийн 7-70 нас хүртлэх хуурчид энэхүү тоглолтод оролцов. "Очирваанийн эгшиглэн" морин хуурын чуулгаас эхтэй 999, 2222 өсвөрийн морин хуурчдыг төрүүлж чадсан Завханчууд энэ удаа 3030 морин хуурчдын тоглолтыг зохион байгуулж чадлаа. Энэ бол үндэсний бахархал, төрийн хан хуураа өвлүүлэн дэлгэрүүлэх гэгээн үйл хэргийг улс даяар түгээн дэлгэрүүлэх эхлэл болсоны үр шим юм хэмээн зохион байгуулагчид мэдээлэв. Ийнхүү Завханы төв цэнгэлдэхэд аймаг, нийслэл, сум дүүрэг бүрээс цугласан 3030 хуурч хуурын аялгуу эгшиглүүлэв. Хуурчид Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэвээнравдангийн Дуут нуур, Хөгжмийн зохиолч Ц.Сүхбаатарын Үүлэн бор, Н.Жанцанноровын Монгол аялгууг эгшиглүүлсэн юм. Дашрамд Завхан аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнгийн голд байрлуулсан хуурыг Завхан аймгийн СУИС-ын харъяа Хөгжим бүжгийн коллежийн багш Н.Энхмандах залуу уран бүтээлчдийн хамтаар урласан ажээ. 

Б.Мягмарсүрэн 

相关新闻