Гэмт хэргийн гаралт 25 хувиар өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Энэ оны эхний найман сарын хугацаанд аймгийн хэмжээнд нийт 393 хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 79 нэгжээр буюу 25.1 хувиар өссөн бол хэргийн илрүүлэлт 45.9 хувьтай байна.
Хэргийн гаралт долоон суманд буурч, найман суманд өсч, таван суманд ижил түвшинд байгаа гэсэн дүн гарчээ. Энэ хугацаанд гэмт хэрэгт 221 хүн холбогдон шалгагдсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 хувиар буурсан аж. Гэмт хэргийн улмаас 371 иргэн хохирч, 13 хүн нас барж, 126 хүн гэмтжээ.
Гэмт хэргийн улмаас 540.2 сая төгрөгийн хохирол учирснаас 152.1 сая төгрөгийг төлүүлж, хохирол нөхөн төлүүлэлт 28.1 хувьтай байна. Хүн амь 2 нэгжээр буюу 66.6 хувь, хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг 8 нэгжээр буюу 44.4 хувь, малын хулгай 7 нэгжээр буюу 22.5 хувиар тус тус буурсан дүнтэй байна.
Иргэдийн өмчийн хулгай 70 нэгжээр, амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг хоёр нэгжээр өссөн, тээврийн хэрэгслийн хулгай найман нэгж, залилан 11 нэгжээр, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 18 нэгжээр тус тус өсчээ.
Энэ хугацаанд 13.330 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7071 нэгжээр буюу 1.2 дахин өссөн үзүүлэлттэй. Зөрчил гаргасан 12.841 иргэнийг 505804.9 мянган төгрөгөөр торгожээ. Үүнээс 377 хүнийг торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан, 278 хүнд баривчлах шийтгэл ногдуулсан аж.
Б.Мөнхзул