Сонгуулийн хэсгийг гуравдугаар сараас өмнө байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-02-19 12:25:00

Сонгуулийн тухай шинэ хуульд заасны дагуу гуравдугаар сарын 1-нээс өмнө сонгуулийн хэсэг байгуулах, сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулах, нам, эвсэл, нэр дэвшигчдээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох ажлыг хийнэ.  

УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цагийн хуваарийг Сонгуулийн ерөнхий хороо боловсруулж, нийтэд мэдээлсэн. Хуваарийн дагуу нэгдүгээр сард багтаан сонгуулийн санал авах өдөр болон тойрог байгуулж, мандатын тоог тогтоосон. Харин энэ сард санал авах, тоолох зорилгоор Улсын бүртгэлийн байгууллагын санал болон тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид Сонгуулийн хэсгийг байгуулах юм. Хэсгийг санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө байгуулж, хэсгийн дугаар, нутаг дэвсгэр, төвийг зарлахаар хуульчилсан. Мөн хэсэг байгуулсан тухай мэдээллийг тав хоногийн дотор тухайн аймаг, нийслэл дэх салбар нэгжид хүргүүлэх, мөн аймаг, нийслэл дэх салбар нэгж нь тав хоногийн дотор Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт хүргүүлэх ёстой юм. Сонгуулийн хэсгийг сонгогчдын тоотой нь уялдуулж байгуулах бөгөөд   суманд 2000-аас дээшгүй, аймгийн төвд 2500-аас дээшгүй, дүүрэгт 3000-аас дээшгүй сонгогчтой байхаар хуульд заасан.

Нам, эвслээс нэг дэвшигчдийн сонгуульд зарцуулах зардлын хэмжээг мөн энэ сард тогтооно. Өмнө нь сонгуулийн зардлын дээд хэмжээг СЕХ-аас тогтоодог байсан бол энэ удаад Үндэсний аудитын газар үүнийг тогтоох болсон юм. Үүнээс гадна энэ сард сонгогчдын нэрсийн жагсаалтыг бэлэн болгож цахим хуудаст нийтлэх, сурталчилгааны зурагт болон ухуулах хуудас байршуулах байршлыг сум, дүүргийн ИТХ-аас тогтоох юм.

Н.Туяа 

相关新闻