Шинжлэх ухаангүйгээр хөгжинө гэдэг нүдээ боогоод алхахтай адил гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМБОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа.
Тэрбээр Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн ургамал судлал, микробиологи, биотехнологи, Хими, химийн технологийн хүрээлэнгийн экологийн химийн лаборатори, полихлорт бифенилийн лаборатори болон удаан задардаг органик бохирдуулагч ба ил шаталт болон EM технологитой холбоотой төслийн явцтай танилцсан юм.
Хүрээлэнгийн захирал болон холбогдох салбарын эрхлэгч нар өөрсдийн салбарт яамны дэмжлэг, санхүүжилт, захиалгаар хийж хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид хамтран хийж болох ажлаасаа дуулгасан юм. Тухайлбал, зөвхөн монгол оронд ургадаг унаган ургамал, устах аюултай 150 гаруй ургамлын жагсаалтаар бүтээл гаргах, ботаникийн цэцэрлэгийн статусыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай”, “Байгалийн ургамлын тухай хууль” зэрэгт оруулан тогтоолгох, мөнх цэвдгийн ашиглалт хамгаалалтын талаар хууль тогтоомж гаргах, “био-ариус” хэмээх гэр хорооллын бие засах газрыг ариутгах бэлдмэл гарсан бөгөөд төв цэвэрлэх байгууламжийг цэвэрлэх боломжтой аж.
Н.Батцэрэг сайд хэлэхдээ, “БОНХАЖЯ-ыг хүнтэй зүйрлэвэл түүний зүүн гар нь яах аргагүй шинжлэх ухааны байгууллагууд юм. Байгаль орчин, тогтвортой хөгжил, зохистой хэрэглээ гэдэг үгний цаана шинжлэх ухаан, түүний тооцоо судалгаа, үндэслэл явах учиртай. Энэ нь аливаад шинжлэх ухаанчаар ханд гэсэн үг мөн. Тиймээс бид шинжлэх ухааны байгууллагуудтайгаа нягт хамтарч ажиллаж, хамтын ажиллагаагаа илүү ойртуулах, салж нийлдэг тогтолцоог “халах” шаардлагатай байна. Шинжлэх ухаангүйгээр хөгжинө гэдэг бол нүдээ боогоод алхахтай агаар нэг. Иймд та бүхэн хийсэн суурь судалгааныхаа ажлуудыг практик ач холбогдолтой болгох, ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй гадны байгууллага, төсөл хөтөлбөрүүдтэй холбогдож, мэдээллээ солилцож байх хэрэгтэй” гэв.
ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, “Шинжлэх ухааны салбар бол байгаль орчинтой салшгүй холбоотой. Та Монгол Улсын Сангийн дэд сайдаар ажиллаж байх үедээ ч бидний ажлыг дэмжин ажиллаж байсан. Тэдгээр ажил одоо ч үргэлжилсээр байгааг энэ дашрамд дурдмаар байна. Шинжлэх ухааны салбар бол яах аргагүй байгаль орчинтой салшгүй холбоотой гэдэг таны үгтэй санал нэг байна. Аялал жуулчлал, хөрс, ус, ой гээд хамрахгүй хүрээ байхгүй тул хамтын ажиллагаагаа цаашид улам бүр өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.
Ж.Болор