Авто ослын улмаас хоёр хүн нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-02-16 22:26:03

Сар шинийн баярын өдрүүдэд Өмнөговь аймгийн хэмжээнд хоёр хүн авто ослын улмаас нас барсан гэж аймгийн цагдаагийн газраас мэдээлж байна. Баярын өдрүүдэд зам тээврийн нөхцөл байдлын хувьд таагүй байлаа.

Аймгийн хэмжээнд Ханбогд сумын нутагт мотоцикльтой нэг хүн онхолдож газар дээрээ нас барсан бол Цогт-Овоо сумын нутагт мотоцикльтой ах дүү хоёр явж байгаад онхолдсоны улмаас сундалж явсан арван таван настай хүүхэд нас барсан зэрэг зам тээврийн ослууд шалгагдаж байна.

Даланзадгад сумынхаа төвд зам тээврийн осол гурав бүртгэгдсэн байна. Жолооч нар цаг заваа хэмнэхээр яарч сандарсаны улмаас нэгнийхээ эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэргүүд ер нь тасрахгүй байгаа ажээ. Аймгийн хэмжээнд мотоцикль жолоодохыг хориглосон хэдий ч сар шинийн өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэсэн, бээрч даарсан үедээ мотоцикль жолоодон хурдан гэртээ харихаар хурд хэтрүүлсний улмаас дээрх зам тээврийн ослууд гарсан байна  гэж Өмнөговь аймгийн замын цагдаагийн тасгаас мэдээлж байна.    

Баярын өдрүүдэд Өмнөговь аймгийн цагдаагийн газрын шуурхай албанд гэмт хэргийн чанартай найман дуудлага хүлээн авсан бөгөөд үүнээс хүн нас барсан гэсэн дуудлага зургаа, бусдын биед гэмтэл учруулсан нэг, зам тээврийн ослын нэг дуудлага байлаа. Мөн эрхзүйн зөрчлийн арван долоон дуудлага ирснээс бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, согтуугаар агсам тавьсан гэсэн дуудлага зонхилж байна. Сар шинийн баярын өдрүүдэд давхардсан тоогоор хоёр зуун дөчин нэгэн офцер,  нэг зуун далан найман ахлагч, тавин хоёр олон нийтийн цагдаагийн ажилтан эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан ажээ. Нийт дөчин долоон хүнийг нэг сая нэг зуун жаран мянга зургаан зуун төгрөгөөр торгож, 14 хүнийг саатуулж, хорин хүнийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

Олон нийтийн эргүүлд албан байгууллагаас 25 хүн сар шинийн өдрүүдэд ажиллажээ. Саатуулагдсан хүмүүс нь ар гэртээ согтуугаар агсам тавьсан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан байв. Харин бие авч явах чавдаргүй болсон ч гэрийнхээ хаягийг мэдэж байгаа хүмүүсийг гэрт нь хүргэж өгсөн байна. Өнгөрсөн жилийн сар шинийн баяртай харьцуулахад нас барсан хүний тоо нэмэгдсэн ажээ. Нас барсан шалтгааныг тодруулахаар цагдаагийн ажилтнууд ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан мэдээгээр нас барсан зургаан хүний хоёр нь авто ослын улмаас дөрөв нь золгүй байдлаар амь насаа алдсан байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

相关新闻