Аюулгүй байдлын асуудлаарх 52 дахь удаагийн бага хуралд оролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРГадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ сарын 12-14-нд ХБНГУ-ын Мюнхен хотноо болсон Аюулгүй байдлын асуудлаарх 52 дахь удаагийн бага хуралд оролцоод ирсэн талаар өнөөдөр ГХЯ-ны Бодлого, төлөвлөлт зохицуулалтын газрын захирал Г.Амартүвшин мэдээлэв.
Уг бага хуралд 30 орчим орны төр, засгийн тэргүүн, 60 гаруй орны Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд, Европын Холбоо, НАТО-гийн удирдлага зэрэг өндөр түвшний төлөөлөгчид оролцжээ. Уг арга хэмжээний үеэр Л.Пүрэвсүрэн сайд хэд хэдэн орны Гадаад хэргийн сайдтай хоёр талын уулзалт хийж АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын талаар болон бусад олон асуудлаар санал солилцжээ.
Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хурал нь олон улсын аюулгүй байдлын салбарт чухал форум болон хөгжиж ирлээ. Хүйтэн дайн дууссанаас хойш бага хурлаар хэлэлцэх асуудлын цар хүрээ тэлж, зөвхөн Евро-Атлантын бүс нутгийн аюулгүй байдал төдийгүй олон улс, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг ул суурьтай хөндөх болсны зэрэгцээ оролцогч орон, байгууллагын тоо байнга өсч, дээрх чиглэлээр өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлж, олон улсын стратеги, бодлогыг тодорхойлдог нэр хүндтэй чуулган болсон юм.
Энэ удаагийн бага хурлаар терроризм, дүрвэгсдийн асуудал, Ойрхи дорнод, Сирид үүсээд буй нөхцөл байдал зэрэг асуудлыг хэлэлцлээ. Бага хуралд оролцож буй ОХУ, АНУ тэргүүтэй орны төлөөлөгчдийн уулзалтаар Сирид гал зогсоох тохиролцоонд хүрсэн нь бага хурлын хүрээнд болсон чухал үйл явдлын нэг болсон билээ.
Ч.Ариунболд