Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх үзлэг хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-02-15 10:38:37

Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газартай хамтран гамшиг ослоос урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгууллаа. Сар шинийн баяртай холбоотойгоор нийтийн тээврийн төрөл бүрийн автобус, суудлын жижиг машинуудад тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын талаар үзлэг шалгалт хийв.

“Энэхүү үзлэг шалгалтыг нийтийн үйлчилгээний зорчигч тээврийн бүх машинд хийж байна. Ер нь Даланзадгадаас гарч буй бүх машинд шалгалт явуулж байна” гэж холбогдох албаныхан ярилаа. Хүн тээвэрлэж байгаа болон тээврийн хэрэгслээр зорчиж байгаа иргэд ч өөрсдийн аюулгүй байдлыг хангаж явах нь чухал юм. Хүйтний улирал учраас машинд авч явахад хэрэгцээтэй зүйлээс гадна жолоочийн дулаан хувцас, холбогч, дугуй хийлэгч зэргийг ч бүрдүүлж явах хэрэгтэйг анхааруулсан юм. Мөн нийтийн тээврийг хариуцаж буй компаниуд нь жолооч нарынхаа эмийн санг шинэчлэх хэрэгтэйг нэмж хэллээ. Энэхүү арга хэмжээний үеэр тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангасан жолооч нарыг шагнаж урамшуулсан юм. Тус урамшууллыг“ Говь” авто угаалга , “Хурд”, “ Баян Ундрал” авто сервисүүд ивээн тэтгэн хамтран ажиллалаа.

Д.Мишигсүрэн

相关新闻