Шинэ цэцэрлэг нээлтээ хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬУлирч буй 2015 оны жилийн эцсээр Дорноговь аймгийн Сайншанд сумын дөрөв, долдугаар баг буюу төмөр замын хэсгийн айл өрхүүд хүүхдүүдээ сургах шинэ цэцэрлэгтэй болж, хүүхдүүдээ хүлээн авч эхэлсэн билээ.
Тус аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн хүчин чадалтай 12 дугаар цэцэрлэгийн барилгын ажлыг 1 тэрбум,189 мянган төгрөгийн өртгөөр “ТОБЭМ” ХХК 2015 онд гүйцэтгэж хүлээлгэн өгсөн юм.Харин шинэ цэцэрлэг хоёрдугаар сарын 03-нд нээлтээ хийв. Шинэ цэцэрлэг зургаан бүлэгтэй 25 ажилтантай бөгөөд одоогоор 146 орчим хүүхэд хүлээн авч үйл ажиллагаа явуулж байна.
Дөрөв, зургадугаар багийн хувьд төмөр замын “Хараацай” цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд зөвхөн төмөр замын ажилчдын хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулдаг байсан бол шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор нь төмөр замд ажилладаггүй хүмүүсийн хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах боломжтой болж буй.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, Засаг дарга П.Ганхуяг,Засаг даргын орлогч Ж.Галбадрах, аймгийн ЗДТГ-ын дарга С.Бөххүү, гүйцэтгэгч “ТОБЭМ” компанийн захирал П.Төрбат нарын албаны хүмүүс оролцлоо.
Х.Эрдэнэбулган