Монгол, Унгарын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана
МОНГОЛЫН МЭДЭЭУнгар улсын Ерөнхий сайд Виктор Орбаны айлчлалын хүрээнд хоёр орны Ерөнхий сайд нарын албан ёсны хэлэлцээ болж өндөрлөв. Уг хэлэлцээний талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан нар мэдээлэл хийлээ.
Хэлэлцээгээр хоёр орны харилцааа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар дэлгэрэнгүй санал солилцов. Монгол, Унгарын ард түмний нийтлэг эрх ашигт бүрэн нийцсэн үр дүнтэй хэлэлцээ болсон гэдгийг, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг онцлон тэмдэглэв.
Тэрбээр, “Энэхүү айлчлалын хүрээнд “Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөр”-ийн талаар Монгол Улсын Засгийн газар, Унгарын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Хоёр улсын хооронд махны экспортыг хөгжүүлэх, усны салбар, эмийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Улаанбаатар болон Будафешт хотын хооронд нийтийн тээвэр болон ухаалаг хот, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсоноос гадна Монгол Улсаас Унгар улсад тэтгэлгээр суралцах оюутнуудын тоог хоёр дахин нэмэх болов.
2015 онд Унгар Улсын Ерөнхийлөгч болон, Гадаад хэрэг, худалдааны сайд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Улаанбаатар дахь Элчин сайдын яамаа сэргээн нээсэн зэрэг нь Унгар Улс Монгол Улстай хамтран ажиллах харилцаандаа өндөр ач холбогдол өгч буйн илрэл гэж ойлгож байна. Монгол, Унгарын ард түмний уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг боломжтой бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд Ерөнхий сайд Виктор Орбаны айлчлал чухал түлхэц болно” гэлээ.
Харин Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан, “Бид олон жил найрсаг харилцаатай байсаар ирсэн. Цаашид хоёр улсын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө ажиллана. Унгар Улсын эдийн засаг хямарсан үед Улаанбаатар хотод суугаа Элчин сайдын яамаа хааж байсан. Үүний дараа бид хямралаас гарч, элчин сайдын яамаа ч сэргээж чадсан.
Монгол Улсын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах зорилгоор надтай хамт Унгарын 50 бизнесийн төлөөлөл ирсэн. Бид мах, ус, эмийн салбарт хамтарч ажиллах санамж бичиг байгуулж, Унгар улсын Экзим банкнаас Био комбинатын техник, технологийг засварлан шинэчлэх чиглэлээр 25 ам.долларын зээл олгохоор болж гарын үсэг зурсанд баяртай байна. Одоогийн байдлаар Унгар улсын Засгийн газрын тэтгэлгээр манай улсад 100 Монгол оюутан суралцаж байна. Энэ тоог хоёр дахин нэмэгдүүлэх санал тавьсныг Монголын тал хүлээн зөвшөөрсөнд баяртай байна” гэлээ.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал