АНУ-ын ЭСЯ Нийслэлийн агаарын бохирдлыг хэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-01-19 17:37:12

Улаанбаатар хот дахь АНУ-ын Элчин сайдын яам нийслэлийн агаарын бохирдол дахь нарийн тоосонцор буюу РМ2.5-ыг хэмжих төхөөрөмж нэвтрүүлэн, холбогдох байгууллагуудад мэдээлэл хүргэн ажиллаж байна. 

Улаанбаатар хотын агаарын бохирдолтой холбогдуулан тус ЭСЯ-наас Агаарын чанарын мониторинг (АЧМ) хөтөлбөрийг өнгөрөгч 12 дугаар сарын 16-наас албан ёсоор эхлүүлсэн. Уг хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагаас баталгаажуулсан MET One BAM 1020 төхөөрөмжөөр агаарын чанарын индексийг цаг тутамд хэмжин гаргаж, www.stateair.mn цахим хуудсаар дамжуулан олон нийтэд нээлттэй мэдээлэх болсон юм.

Тус төхөөрөмжөөр АНУ-ын ЭСЯ-ны орчим буюу 100 айл, Сэлбийн гүүрийн орчмын агаар дахь нарийн тоосонцор буюу PM2.5-ын хэмжээг хянан бүртгэж байгаа. РМ2.5 нь хүний биед хамгийн хор нөлөөтэй, хорт хавдар үүсгэх аюултайд тооцогддог бөгөөд өнөөг хүртэл уг тоосонцорыг хэмжих төхөөрөмж тухайн орчимд байгаагүй аж. 

Дээрх төхөөрөмжийн үйл ажиллагааны талаар танилцуулах аяллыг өнөөдөр тус ЭСЯ-наас зохион байгуулж, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт, ЭСЯ-ны Байгаль орчин, Шинжлэх ухаан, Технологи, Эрүүл мэндийн асуудал хариуцсан ажилтан Нэйтэн Жонсон, Барилга байгууламжин хэлтсийн дарга Эван Робинсон нар оролцсон юм. Элчин сайд Женифер Зимдал Галт энэ үеэр “Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ агаарын чанарын үйл ажиллагаа явуулдаг дотоодын байгууллагуудтай хамтран агаарын бохирдлын асуудлыг хөндөх, тэмцэхэд хувь нэмрээ оруулахаар ажиллаж байгаадаа таатай байна. Уг төхөөрөмжөөр цаг тутамд хэмжин гаргаж байгаа үзүүлэлт нь агаарын бохирдлын эрүүл мэндэд учруулах хохирлыг багасгахын тулд мэдээлэлд суурилсан арга хэмжээ авах агаарын бохирдолтой тэмцэх ажлыг эрчимжүүлэхэд туслалцаа болно гэж итгэж байна. Агаарын бохирдол гэдэг бол хил хязгааргүй асуудал. Тиймээс бидний цаг тутамд гаргаж буй мэдээллээр төр засаг болон олон нийтийн анхаарлыг агаарын бохирдолд хандуулах, мөн бүтээлч, оновчтой шийдлийг гаргахад нэмэр болно гэж найдаж байна” гэлээ.

Агаарын чанарыг хэмжигч уг төхөөрөмж нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, орчин үеийн өндөр чадалтай төхөөрөмж бөгөөд нэг бүрийн үнэ нь 22000 ам.доллараар хэмжигддэг аж. Төхөөрөмжөөс гарч буй мэдээлэл нь 95 хувийн баталгаатай. Харамсалтай нь өглөө, оройн цагаар агаар дахь нарийн тоосонцор буюу PM2.5 байх ёстой түвшин ихээхэн хэтэрч, эрүүл мэндэд ноцтой хэмжээнд хүрч бүртгэгддэг байна. Зарим тохиолдолд “хэмжих боломжгүй” нөхцөлд ч хүрдэг гэж байлаа. Өдрийн 16.00 цагийн байдлаар гэхэд агаарын бохирдол “улаан” буюу “эрүүл мэндэд хортой” түвшнийг зааж байв.

Тус ЭСЯ агаарын бохирдлын хэмжилтийн мэдээллийг үндэслэн өөрийн хүрээнд арга хэмжээ авч байгаа бөгөөд энэ хүрээнд ажилчдаа гадаа ажиллахыг хязгаарлах, зайлшгүй тохиолдолд N95 хамгаалах маскыг зүүж хэрэгжүүлж байгаа аж. Агаарын бохирдлыг 95 хувь шүүдэг уг маскыг АНУ-д үйлдвэрлэсэн бөгөөд монгол иргэд ч эмийн сан, дэлгүүрүүдээс худалдан авч хэрэглэх боломжтой юм.

Аяллын үеэр АНУ-ын Ориган мужид үйлдвэрлэсэн “монгол гэр”-ийг сэтгүүлчдэд танилцуулсан юм. Цаг хугацааны шалгуурыг давсан гайхамшигт технологийн нэг монгол гэрийг хялбархан барьж, буулгаж, нүүлгэж болдог учраас амьдрахад таатай, найдвартай сууцад тооцогддог. Тиймээс тус ЭСЯ монгол гэрийн энэхүү давуу талыг технологийн дэвшилттэй хослуулан байгаль орчинд ээлтэй, дулаан хадгалалт сайтайгаар үйлдвэрлэн барьжээ. Уг гэр нь нарны зайн үүсгүүрээр халдаг, дулаан алдалт маш бага учир агаарын бохирдлыг бууруулахад ихээхэн оновчтой шийдэл гэдэг нь харагдаж байв.

Н.Гантуяа

相关新闻