Цэцэрлэгүүдийг хааж, сургалт, давтлагыг хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-16 12:39:38

Өвөрхангай аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлттэй байгаагаас шалтгаалан нийт цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо.

Ерөнхий боловсролын сургуулиудын ээлжит амралт эхэлсэнтэй уялдуулан сургуулийн өмнөх байгууллагууд 2016 оны 1 сарын 18-ны өдрөөс 1 сарын 22-ны өдрийг дуустал “хаалгаа барьж” томуу, томуу төст болон улаан бурхан өвчний дэгдэлтийг бууруулах юм.

Аймгийн БОЭТ-ийн амбулаторийн үзлэгээс харахад томуу, томуу төст өвчний эзлэх хувь Бат-Өлзий, Баянгол, Баян-Өндөр, Богд, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл, Өлзийт, Сант, Тарагт, Төгрөг, Уянга, Хужирт суманд 16-33 хувь, Арвайхээр суманд томуугаар өвчлөгсдийн дотор бага насны хүүхдийн өвчлөл 63,9 хувьтай байгаа нь дээрх шийдвэрийг гаргахад нөлөөлжээ.

Түүнчлэн сурагчдын хичээлийн амралтын хугацаанд 12 дугаар ангийн сурагчдаас бусад ангийн сурагчдын дунд давтлага, секц, дугуйлан хичээллүүлэхгүй байх, сургалтын төвүүдийн үйл ажиллагааг хязгаарлахыг Боловсрол, соёлын газрын дарга, сумдын удирдлагуудад үүрэг болгоод байна.

Б.Батчимэг

相关新闻