Сэрэмжлүүлэг мэдээг ард иргэдэд хүргэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-15 21:21:28

Дундговь аймгийн Онцгой байдлын газар цаг агаарын аюултай үзэгдэл цасан шуурга, цочир хүйтрэлтээс урьдчилан сэргийлэх талаар малчид, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээг олон удаагийн давтамжтайгаар хүргэж байна.

Өнөө шөнө болон маргааш нийт нутгаар цас орж, салхи секундэд 9- 14 метр хүрч, цасан шуурга шууран, хүйтний эрч эрс чангарахыг УЦУОШГ- аас мэдээлж байгаа юм. Энэ мэдээллийн дагуу аймгийн Онцгой комиссын гишүүд малчид, ард иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээллийг гар утсанд нь мессэжээр өнөө өглөөнөөс эхлэн хүргэжээ.

Өнөө маргаашдаа холын аянд гарахгүй байх, хэрвээ зайлшгүй явах шаардлагатай бол техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, явах зам харгуй, жолоочийн туршлага, ур чадвар зэргийг харгалзан үзэх хэрэгтэйг сануулж байна. Мөн хүүхэд, жирэмсэн эх,өндөр настан, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг асран хамгаалагчтай үлдээх, тэдэнд тавих анхаарлаа сайжруулах,төөрч осгохоос болгоомжлох, мал сүргээ хашаа хороо, нөмөр нөөлөгт байлгаж, хэрвээ ямар нэг байдлаар өрх гэр, хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учирвал эрүүл мэнд, онцгой байдлын газар, нутгийн захиргааны байгууллагадаа цаг алдалгүй шуурхай мэдээлэхийг ард иргэдэд зөвлөж байна.

Мөн аймаг, сумын гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн хүч хэрэгслийг тодотгох, үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг хангуулахыг сумын удирдлагуудад үүрэг болгожээ.

Т. Отгонтуяа

相关新闻