Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь тогтоох асуудлаар анхны хэлэлцүүлэг хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-01-13 14:52:14

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Засгийн газраас өнгөрсөн оны 10 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн уг төсөлд “1.Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших стратегийн ач холбогдол бүхий Гацууртын ордын төрийн эзэмшлийн хэмжээг 34 хувиар тогтоох, 2. төрийн эзэмшлийн хувийг тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, тохиролцсон тохиолдолд стратегийн ач холбогдол бүхий ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулж, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хэмжээг зохих журмын дагуу тогтоон, улсын төсөвт төвлөрүүлэх” гэж заасан.

Харин өнөөдөр байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Г.Батхүү, Ц.Баярсайхан, С.Одонтуяа, А.Тлейхан, Ч.Улаан нар төслийн 2 дугаар зүйлийг “Төслийн 1 дүгээр зүйлд заасан төрийн өмчийн эзэмшлийн хувийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцээр хийж шийдвэрлэхийг Засгийн газарт даалгах” гэж өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжлээ. Ингээд уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хийхээр болов. 

Үүнээс өмнө тус байнгын хороогоор Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг мөн хийсэн юм. Хуулийн төслүүдтэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулсны дараа хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 53, найруулгын чанартай 21 саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэв. Мөн уг хуулийн төслийг дагалдаж өргөн баригдсан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав.

Харин уг хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн гишүүдийн олонхийн саналаар төсөл санаачлагчид нь буцаах болсон юм.

Н.Туяа

Гэрэл зургийг Б.Чадраабал 

相关新闻