Аймгийн төвийн малтай айлууд хүндхэн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн төв болох Өлгий сумын малтай иргэд зудтай өвөлжиж байна.
Энэ сумын ядуу айлууд л саалийн үнээ, ямаатай байдаг мөртлөө тэд хөдөө сумын малчдын адил бэлчээр, хадлан гэхээр газар нутаггүй, аюулгүйн нөөцнөөс үнэгүй болон үнэ хямдруулан өвс тэжээл тараахад Өлгий сумыг мартаж орхидог гэж тус сумын малтай иргэд гомдоллож байна.
Мөн Улаанхус, Сагсай, Цэнгэл сумдад мал өвөлжилтийн байдал хүндхэн байна. Харин Цэнгэл сумын малчдад аймгийн нөөцөөс 100 тонн өвс, 50 тонн тэжээл хүргэгдсэн тухай тус сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүн А.Бакейн туслах Р.Төлей мэдээллээ. Түүний ярьснаар бол Цэнгэл сумын мал сүргийн тоо өсч богийн тоо 250 000, бод 28 000 хүрсэн ч бэлчээр хомс, ихэнх нутаг нь цасанд дарагдсаны учир зарим газарт нь мал бэлчээрт гараагүй сар гаруй хугацаа болсон. Аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан, аймгийн Засаг даргын орлогч Н.Санатбек, ЗДТГ-ын дарга Т.Манкей бид нар энэ суманд ажиллан өвөлжилтийн байдалтай танилцаад хөнгөлөлттэй үнээр тусламж хүргүүллээ гэж Р.Төлей ярилаа.
Ш.Айзаря