Сонгуулийн тухай хуулийн эцсийн найруулгыг сонсов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-08 14:19:38

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн найруулгыг сонслоо.

УИХ-аас өнгөрөгч 2015 оны 12 дугаар сарын 25-нд Сонгуулийн тухай шинэ хуулийг хэлэлцэн баталсан. Харин уг хуульд найруулгын шинжтэй редакцийн засвар нэлээд хийх шаардлагатай байсан учир Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх, "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд хэвлүүлэх хугацааг хойшлуулаад байсан юм.

Өнгөрсөн хугацаанд Сонгуулийн тухай хуулийг сайтар цэгцэлж, редакцийн засварыг нь бүрэн хийж дуусгасан учир өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар эцсийн найруулгыг нь сонсов. Найруулгын шинжтэй өөрчлөлтүүдийг УИХ-ын дарга З.Энхболд уншиж танилцуулан, зарим гишүүд асуулт асууж байсан учир хоёр цаг гаруй хугацаанд үргэлжлэв. Ингээд бүх өөрчлөлтийг сонсгож, саналаа нэгтгэж дууссанаар Сонгуулийн тухай хуулийн эцсийн найруулгыг сонссонд тооцож, хуулийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхэд бэлэн боллоо. 

Үүгээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөж, үдээс хойш зарим гишүүдийн Ерөнхий сайдад тавьсан асуулгыг сонсох байсан ч гишүүд асуулгаа хойшлуулах хүсэлт тавьсан учир өнөөдрийн хуралдаан дуусав. 

Харин үдээс хойш УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ирэх долоо хоногт УИХ, байнгын хороодын хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоохоор товлолоо.

Н.Гантуяа

相关新闻