Мусульманы хийдийн тэргүүнийг өөрчилсний улмаас зарга үүсэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙМонголын мусульманчуудын нийгэмлэгийн удирдлага саяхан Булган суманд очоод тэр сумын мешид (хийд)-ийн тэргүүн имаамыг өөрчилсний улмаас зарга үүсч эхлэв.
Ингээд тэдгээр хүмүүс мешидийн тэргүүнийг шалтгаангүйгээр өөрчлөөд танил талынхаа хүмүүсээ томиллоо гэх зэрэг дөчин хүний гарын үсэгтэй мэдээлэл дээшээ ирсэнтэй холбогдуулан уг нийгэмлэгийн тэргүүн мүфтий М.Хуанган, аймгийн төв мешидийн тэргүүн имаам Н.Саулетхан нараас сэтгүүлчид тайлбар авахад тэд, Бид Булган суманд очиход тэндэхийн хүмүүсийг шашин, үндэсний ялгааг хөндсөн үг хэлээгүй. Мешидийн орлого зарлага тайлан тооцоо, хяналтгүй зарцуулагддаг болсон. Мешид халаалтгүй хүйтэн болохоор мөргөл үйлдэхийн аргагүй байдалд орсон байна. Мөн тус мешидийн тэргүүн К.Ермек нь архи уусан зэргээр ислаам шашны горимыг зөрчиж байсан. Иймд ажил хэрэгч хүмүүсийг томиллоо. М.Ермекээс тамга тэмдэгийг бид хулгайлж авсан гэдэг нь гүтгэлэг, тэр сайн дураараа өгсөн гэх зэргийн хариулт өглөө.
Ислаам шашны Үндсэн хууль болох Кураан ариун судраар бол талийгаачдын хойтохыг унших зэрэгт шан харамж нэхэхийг хориглосон байдаг мөртлөө сум бүрийн мешидийн тэргүүн нар дур дураараа тариф тогтоон мөнгө нэхдэг болсон. Зарим нь мешидээ сахин сууж номлол үйлдэхийн оронд худалдаа наймаа хийж явдаг. Курбан баяраар гаднаас ирсэн сайн санааны тусламжнаас тэд ашигладаг гэсэн яриа ч мэр сэр гардаг. Энэ байдлаас үзэхэд уг нийгэмлэгийн үйл ажиллагаа нэлээд суларсаныг харуулж байна. Нийгэмлэг болон мешидүүдийн удирдлагыг ардчилсан зарчим ёсоор сонгодог эсэх нь ч тодорхойгүй байна. Өнгөрсөн оны сүүлчээр анх үүсч байгуулагдсаныхаа 25 жилийн ойг тэмдэглэсний дараахан уг нийгэмлэгийн гол удирдлагуудыг өөрчлөн шинэчилсэн асуудлын талаар ч багагүй яриа гарсаар байна.
Ш.Айзаря