Цэцийн гишүүний насны дээд хязгаарыг 65 болгохыг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хоёр зүйлтэй бөгөөд цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим, цэцийн гишүүний төвийг сахих байр суурь, эрх тэгш байдал, тэтгэвэрт гарах үндэслэл, цэцийн даргын түр эзгүйд даргын үүргийг түр орлон гүйцэтгэх болон цэц маргааныг дахин хянан үзэх зэрэг асуудлыг зохицуулахаар тусгасан.
Тодруулбал, Цэцийн есөн гишүүний гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилох бөгөөд цэцийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болно. Цэцийн даргын түр эзгүйд цэцийн бүрэлдэхүүнд хамгийн удаан ажилласан гишүүн, хэрэв энэ шаардлагыг хэд хэдэн гишүүн нэгэн адил хангасан байвал тэдгээрийн хамгийн ахмад гишүүн даргын үүргийг түр орлон гүйцэтгэнэ гэж заасан.
Тэтгэвэрт гарах насыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж болно гэж тусгасан аж. Өөрөөр хэлбэл, 60 насанд хүрсэн бол ажлаас чөлөөлөгдөхөөр хуулийн төсөлд оруулжээ.
Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарын гаргасан цэцийн гишүүнээр томилогдох насны дээд хязгаарыг Төрийн албаны тухай хуульд заасан заалтаар жишиг болгоё буюу 65 байх нь зүйтэй гэсэн санал олонхийн дэмжлэг хүлээв.
Б.Туул