А.Гансүх: Би ердийн журмаар ажил үүргээ гүйцэтгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-05 15:57:25

УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийнхэнд хандаж тайлбар мэдээлэл хийв.

Тэрбээр “Өнөөдрийн ярьж байгаа асуудал бол нэгдүгээрт, миний хувьд шалгагдсан хэрэг. 2013 онд би өөрийнхөө хүсэлтээр энэ асуудлыг АТГ-т шалгуулсан. 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр АТГ-ын дарга тэргүүн комиссар Н.Ганболдын гарын үсэгтэй албан бичиг надад ирсэн. Уг бичигт Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих ажил гүйцэтгүүлэх гэрээг байгуулахдаа таныг албан тушаалын эрх мэдлээ ашиглан ажлын төсөвт өртгийг өндөр үнэ тогтоолгон онц их хэмжээний хөрөнгийг завшсан гэх үйлдлийг шалгахад дээрх асуудалтай холбоотой гэмт үйлдэл тогтоогдоогүй болохыг мэдэгдье” гэсэн байсан.

Мөн энэ хэрэгтэй холбоотой нэг иргэнээс гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараасан. Энэ хүн мөн л энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж намайг шалгуулсан. Энэ хэргийг прокурор хянаад 2013 оны 11 дүгээр сард Нийслэлийн прокурорын эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол гарсан. Үүнд “Энержи Ресурс рэйл” компани болон Солонгосын “Самсунг Си энд Ти” коропрацитай байгуулсан төмөр замын суурь бүтэц байгуулах гэрээнд заасан үнийн дүнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. А.Гансүх албан тушаалаа ашиглан их хэмжээний хөрөнгийг завшсан үйлдэл тогтоогдоогүй. Иймд иргэн Л.Даваапилээс гаргасан гомдолд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байхгүй байна гээд Нийслэлийн прокуророос Хяналтын прокурор Хууль цаазын зөвлөх хүний гарын үсэгтэй тогтоол гарсан байдаг.

Энэ асуудлаар АТГ-т өөрийн биеэр хоёр удаа очиж байцаалт өгч, тайлбар, нотлох баримтуудыг хүлээлгэж өгсөн. Одоо энэ шалгаж байгаа асуудалтай холбоотой Засгийн газрын удаа дараагийн шийдвэр, тогтоол, тэмдэглэл, үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, УИХ-ын тогтоолууд гарсан байдаг. Төрийн эрх барих байгууллагуудын тогтоол шийдвэрийг хуулбарлан хууль хяналтын байгууллагуудад хүргүүлж хамтран ажиллаж байна.

Миний хувьд ердийн журмаар ажил үүргээ гүйцэтгэж байна. Ялангуяа 8 хувийн зээлтэй холбоотой асуудлууд дээр ажлын хэсгийнхэнтэй хамтран ажиллаж байна. Энэ сардаа 8 хувийн зээлийн эрхзүйн орчныг бүрдүүлэх асуудал шийдэгдэх байх. Мөн тус зээлийн хүү буух эрхзүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр УИХ-ын ажлын хэсэг ажиллаж байгаа. Миний гадаадад явах эрхийг хориглоогүй. Япон улсад албан томилолтоор ажиллаад ирсэн. Мөн маргааш УИХ-ын даргын захирамжийн дагуу АНУ-д албан томилолтоор ажиллах гэж байна” гэлээ.

Б.Туул

相关新闻