Хятадууд гадаадын хөрөнгө оруулагчдад тавьдаг квотыг нэмэгдүүлэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН. /TASS/. Хятадын Гадаад валютын улсын хяналтын газар QFII (Qualified Foreign Institutional Investor) буюу хөрөнгийн зах зээлд гадаадын хөрөнгө оруулагчдад тавьдаг квотыг 11 дүгээр сарын сүүлээр 79.1 тэрбум доллароос 81.07 тэрбум болгож нэмэгдүүлжээ.
Хятадын Ардын банкны өнөөдөр нийтэлсэн мэдэгдэлд дурдсанаар, ингэхдээ RQFII (Renminbi Qualified Foreign Institutional Investor) квотыг өнгөрсөн сард 436.5 тэрбум юаниас /67.59 тэрбум доллар/ 444.32 тэрбум юань /68.4 тэрбум доллар/ болгон нэмэгдүүлсэн байна. 2002 оноос эхлэн гаргасан QFII механизм нь эх газрын Хятадын зах зээлд идэвхтэй арилжаалдаг хамгийн дээд “А” зэрэглэлийн хувьцаануудыг худалдан авахад гадаадын компаниудад тавьдаг квотын нэг хэлбэр юм. Гадаадын хөрөнгө оруулагчид мөн “В” зэрэглэлийн хувьцааг худалдан авах боломжтой.
"А" зэрэглэлийн хувьцаануудад гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд энэ ангиллын үнэт цаасуудыг юаниар худалдаж авах боломж олгосон RQFII механизмыг Хятадын Засгийн газар 2011 оноос хэрэгжүүлж эхэлжээ. “Хувьцааг худалдан авахад гадаад валют ашигладаг QFII механизмаас ялгаатай нь RQFII механизм юаниар шууд хөрөнгө оруулалт хийх боломжтой. Энэ нь Хятадын хөрөнгийн зах зээлийн нээлттэй байдлын түвшнийг нэмэгдүүлээд зогсохгүй юанийг олон улсын чанартай болгоход нөлөөлнө” гэж хөрөнгө оруулалтын “Guotai Junan Securities” банкны шинжээч Жоу Ваньюань мэдээлжээ.
Д.Жаргал