1000 хүүхэд “Харшийн сүлд модны наадам”-д оролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛНийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон зорилтот бүлгийн өрхийн 1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” өнөөдөр Монголын Хүүхдийн ордонд боллоо.
Энэхүү сүлд модны наадамд амьдралын түвшин доогуур, хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн хүүхдүүд, нийслэлийн “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ажилтнуудын хүүхдүүд оролцов.
Энэ үеэр Монголын хүүхдийн ордноос, хүүхэд багачуудад зориулан “Баясгалантай багачууд” хүүхдийн урлагийн тоглолтыг сонирхуулсан юм.
“Шинэ хос, номин оюун” ТББ-ын тэргүүн Ц.Нинжээ, “Манай төв хөгжлийн бэрхшээлтэй асаргаанд байдаг 2-16 насны сургууль цэцэрлэгт хамардаггүй хүүхдүүдийг нийгэмшүүлэх сургалт явуулдаг. Энэ үйл ажиллагаанд манай төвийн 15 хүүхэд оролцож байна. Олон нийтийн арга хэмжээнд оролцож чадахгүй гэртээ байдаг хүүхдүүдийг ийм сайхан үйл ажиллагаанд оролцуулж байгаа Нийслэлийн удирдлагуудад талархал илэрхийлье” гэв.
Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Ц.Буяндалай нар хүүхдүүдэд бэлэг гардуулсан юм.
Ж.Болор