Баян-Өлгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сүлд модны наадам болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төв сүлд модны наадмаа өчигдөр хийлээ. 2005 онд үүсч байгуулагдаад есөн ажиллагсадтайгаа гучин хүүхдэд байнгын үйлчилгээ үзүүлж байгаа энэ байгууллага уг баяраараа бүтээлээрээ шалгарсан хүүхдүүдэд шагнал гардуулан, уран сайхны тоглолт сонирхууллаа.
Үйлчилгээнд хамрагдсан хүмүүсийн ихэнх нь авъяаслаг хүүхэд залуучууд байгаагийн нэг нь Д.Хабылхан энэ үеэр сэтгэгдлээ ярихдаа, Би 2012 онд техникийн осолд орж тахир дутуу болсноос хойш гар тэргэнд суудаг болсон. Тэр үед миний төрсөн ах намайг сахиж гурван сарын турш нойргүй суусан. Өөрийн шаналлаа умартан ахыгаа өрөвдсөндөө түүнд зориулан анх удаа дуу зохиосон. Энэ дуу маань олон түмэнд таалагдсанаараа урам орж өөр хэд хэдэн дуу зохиож өөрийгөө би таньдаг болсон. Ер нь хүн ямарваа тохиолдлоор эрэмдэг зэрэмдэг болоход гутарч суугаад нэмэргүй. Зүрх, тархи хоёр нь эрүүл хүн хэнээс ч дутуугүй амьдарч болдог юм байна. Манайд гоц авъяастай хүүхдүүд цөөнгүй байна. Тэднийг хөгжлийн бэрхшээлтэй хэмээн үл тоож бусдаас тусгаарлах биш, авъяасыг нь ашиглан эрүүл үе тэнгийнхэнтэй нь зэрэгцүүлэн ажил хөдөлмөр хийлгэвэл нийгмийн ачаалал багасна гэв.
Ш.Айзаря