Шүүх байгуулах хуулийн маргааныг Цэц эцэслэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРШүүх байгуулах тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлттэй холбогдуулан Ерөнхийлөгч хориг тавьж, үүнийг нь УИХ хүлээн авсан. Харин энэ маргааныг Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх болжээ.
УИХ-аар баталсан Шүүх байгуулах тухай хуульд иргэний болон эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, дүүргийн иргэний болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг тус тус байгуулахдаа нэрийн хувьд “аймгийн” болон “дүүргийн” гэж томьёолсон. Гэвч энэ нь 2-3 аймгийн дунд давж заалдах шатны нэг шүүх; 2-3 дүүргийн дунд анхан шатны нэг шүүхтэй байх агуулгыг илэрхийлж байгаа бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна хэмээн Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаас дүгнэсэн юм. Тодруулбал Үндсэн хуулиар бэхжүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяаллын зарчмаар зохион байгуулах Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгэж, иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулсан гэж дүгнэсэн.
Дээрх дүгнэлтийг УИХ хэлэлцээд хүлээн зөвшөөрөхөөр шийдвэрлэсэн боловч түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан юм. Харин Ерөнхийлөгчийн хоригийг УИХ мөн хүлээн авч, холбогдох тогтоолоо Үндсэн хуулийн цэцэд ирүүлжээ.
Тиймээс Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаа зарлаж, маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэхээр болжээ. Харин Их суудлын хуралдааны тов хараахан гараагүй байна.
Н.Туяа