“Соёлын бүтээлч үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөр батлагдлаа
МОНГОЛЫН МЭДЭЭЗасгийн газраас “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийг баталлаа.
Хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улс, орон нутгийн төсвийн төсөлд тусгах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулах, хандивлагч орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, нийслэлийн соёл урлагийн газар, төв болон орон нутгийн соёлын байгууллагуудад тус тус үүрэг болголоо. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж, явц, үр дүнг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Аж үйлдвэрийн яаманд тус тус даалгахаар шийдвэрлэжээ.
Соёлын бүтээлч үйлдвэрлэл үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн болон зах зээл, бизнесийн таатай орчныг бүрдүүлж, соёл урлагийн салбарт өмчийн олон хэлбэр, зах зээлийн шударга, чөлөөт өрсөлдөөнийг бий болгож, олон улсын стандартад нийцсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид нэмэгдэн Монгол брэнд бүтээгдэхүүн олон улсын зах зээлд танигдах юм.
Хийн түлш, түүний сав, тоног төхөөрөмжийг НӨАТ, гаалийн албан татвараас чөлөөлнө
Нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн албан татвараас чөлөөлөгдөх хийн түлш, хийн түлшний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоноглолын жагсаалтыг баталлаа.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль шинэчлэн батлагдснаар ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүний жагсаалт, хийн түлш, хийн түлшний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоноглолын жагсаалтыг Засгийн газар батлахаар заасан юм. Энэхүү шинээр батлагдсан жагсаалтыг хууль хүчин төгөлдөр болох хугацаа буюу 2016 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн мөрдөнө.
ТОВЧ МЭДЭЭ:
- Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцээд үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг хариуцагч бөгөөд Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт даалгалаа.
- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны 11 дүгээр сард Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгав.
- Буянт-Ухаа 1 хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журамд өөрчлөлт оруулж, орон сууц худалдан авсан этгээд нь худалдан авсан байрыг 15 жилийн хугацаанд бусдад худалдахгүй, ашиг олох зорилгоор түрээслүүлээгүй байна гэснийг худалдан авсан байрны орон сууцны зээл, төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд түүнд уг байрыг бусдад худалдах, ашиг олох зорилгоор түрээслүүлэх эрх нь нээгдэнэ гэж өөрчилллөө.
- Орон сууцны ипотекийн зээлийн баталгааны журамд нэмэлт, өөрчлөлт оруулав. Урьдчилгаа төлбөрийн баталгааны нөхцөлд арилжааны банкны баталгааг нэмж, арилжааны банк Зээлийн хорооны шийдвэрээ үндэслэн иргэдэд ипотекийн зээлийн баталгаа гаргах зохицуулалтыг хийлээ.
- Химийн хорт болон аюултай бодисыг импортлох, үйлдвэрлэх, худалдах зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас тухайн жилийн тайланг авахдаа химийн бодисын сав, баглаа, боодлын талаарх мэдээллийг хамт авч байхыг Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгт, тухайн жилд хэрэглэгдсэн химийн хорт бодис болон аюултай бодисын үлдэгдэл, сав, баглаа боодлын хөдөлгөөний тайлан мэдээллийг гаргуулан авч, тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлж, аюултай хог хаягдлыг хадгалах, устгах үйл ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг аймаг, Нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
- Монгол Улсын Хөгжлийн банкны 2014 оны жилийн эцсийн болон 2015 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланд “Прайсуотерхаус Куперс Аудит” ХХК-ийн хийсэн аудитын дүгнэлтийг хэлэлцэж, холбогдох хууль тогтоомжийн дагуу УИХ-д танилцуулахаар тогтлоо.
- УИХ-ын 2015 оны 90 дүгээр тогтоолд заасан гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрыг харьяалах улс, олон улсын байгууллагатай тухайн улстай харилцан адил байх зарчмыг баримтлан газар ашиглуулах Монгол Улсын олон улсын гэрээ байгуулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.