Өрхийн эрүүл мэндийн төв уртасгасан цагаар ажиллаж эхэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬТомуу, томуу төст өвчин ихэссэнтэй холбогдуулан Дундговь аймгийн төвийн өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар буюу орой 20 цаг хүртэл ажиллаж байна.
Харъяалалдаа багтдаг сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд үзлэг хийж, томуугаар өвдсөн, хүндэрсэн хүүхдийг эмчийн магадлалаар хичээл, цэцэрлэгээс түр чөлөөлж байгаа бөгөөд эмчийн магадлалаар түр чөлөөлөгдсөн хүүхэд олон, зарим цэцэрлэгийн нэг анги арав хүрэхгүй хүүхэдтэй байгаа ажээ.
Аймгийн Нэгдсэн эмнэлэгийн амбулаторын үзлэгийн 7 шахам хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийнхоос 1.5 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээлж байна.
Томуугаар өвчлөгсөдийн 96 хувийг 14 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд үүн дотор 73 хувь нь 4 хүртэлх насны хүүхэд байна. Эмнэлэгт суурилсан тандалтаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 24 хувь нь уушигны үрэвслийн шалтгаантай хэмээн бүртгэгджээ.
Дундговь Т. Отгонтуяа