Сангийн далай хийдээс үлдсэн цогчин дуганыг сэргээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-12-16 18:45:35

Сангийн далай хийдээс үлдсэн Дамбадаржаалин цогчин дуганыг  байнгын хурал номтой, өвөл зуны алинд ч үүд хаалга нь сүсэгтэн олонд нээлттэй байх нөхцлийг ирэх онд бүрдүүлж өгнө гэж Эрдэнэдалай сумын ИТХ- ын дарга Б. Бадамлянхуа хэллээ.

Дамбадаржаалин цогчин дуган Эрдэнэдалай сумын төвд оршдог бөгөөд лам хуваргагүйгээс үүд хаалгаа барьсаар олон жилийг өнгөрөөсөн байна. Анх баригдсан хийцээрээ, сүм хийдийг бусниулсан 30, 40-өөд оны үед ч бүрэн бүтнээрээ үлдэж ирсэн энэ сайхан хийдийг лам хуварга, хурал номтой болгож өгөх хүсэлтийг нутгийн ард иргэд сумын удирдлагууддаа байнга хандуулдаг байжээ.

Өнгөрсөн жил сумын уугуул лам нар Улаанбаатар хотоос ирж, дүйчэн өдрүүдэд  хурал ном хурдаг байсан бол өнгөрсөн намар 5-6 лам дуганы үйл ажиллагааг сэргээн , байнгын хурал ном хурж нутагтаа ажиллаж амьдрахаар ирсэн байна.  Тиймээс ирэх онд сум орон нутгаас хөрөнгө санхүүгээр дэмжиж өвлийн дуган, лам нарын байр барихаар төлөвлөжээ.

Ингэж лам нараа ажиллаж амьдрах нөхцлөөр хангавал шашин, соёл, түүх, уран барилгын дурсгал болж хадгалагдаж ирсэн Дамбадаржаалин цогчин дуган сүсэгтэн олны тусын тулд ажиллаад зогсохгүй дотоод гадаадын аялал жуулчлалыг татах үзмэр болно гэж үзэж байгаа аж.

Цогчин дуганы түүхийг сонирхуулж дурьдахад, Түшээт гүний хошууны тоть Галдаа Хансан занги, лам Лодоншарав нар одоогийн Эрдэнэдалай сумын төвд сүм дуган байгуулахаар зөвшилцөж, 1810 онд Сангийн далай хийдийг барьж эхэлсэн гэдэг. 1899 он буюу Бадаргуулт төрийн 25 дугаар оны цагаан хулгана жилийн салар хуйхуйн үймээнээр хийдийг шатаан түйвээсэн бөгөөд хожим 8 дугаар Далай лам Түвдэнжамц 1904 онд үдлэхэд нь хийдийг Угтаал Сангийн далай хэмээн нэрлэх болсон байна. Хийд арав гаруй цогчин дугантай байсны хамгийн отгон нь 1919 онд баригдсаныг 8 дугаар богд Жавзандамбын айлтгалтай хэмээн шашныг бадруулагч буюу Дамбадаржаалан хэмээн нэрийдсэн түүхтэй.1940-өөд оны үед маршал Х. Чойбалсан цогчин дуганыг үзээд эвдлэн буулгах хэрэггүй гэснээр ноосны агуулах болгон ашиглаж, 1990-ээд онтой золгосон ажээ.

Дундговь Т. Отгонтуяа

相关新闻