Хүний эрх хамгаалагчдыг хамгаалахыг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-10 14:31:12

“Олон улсын хүний эрхийн өдөр” өнөөдөр тохиож буйтай холбогдуулан “Хүний эрх, хөгжлийн төв” ТББ-аас “Хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалъя” тайван цуглааныг Чингисийн талбайд зохион байгуулав.

НҮБ 1945 оны энэ өдөр Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлан, гишүүн орнууддаа жил бүр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлж байхыг уриалсан. Энэ онд уг өдрийг “Бидний эрх, эрх чөлөө мөнх оршиг” уриатай дэлхий нийтээр тэмдэглэж байна.

НҮБ-ын гишүүн орны хувьд хүний эрх, эрх чөлөөг хангах нь Монгол Улсын Засгийн газрын үндсэн үүрэг. Түүнчлэн хүний эрхийг хамгаалагчдын аюулгүй байдлыг хангах нь нэн тулгамдсан асуудал юм. Олон улсын хэмжээнд өөрийн болон хэн нэгний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, хохирлыг барагдуулахын төлөө тэмцэж байгаа хүн бүрийг хүний эрхийн хамгаалагч хэмээн үзэж, төрөөс тэдний аюулгүй байдал, үйл ажиллагааны баталгааг хангах ёстой хэмээн үздэг. Харин манай улсад хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах УИХ, Засгийн газар үүргээ гүйцэтгэхгүй байна хэмээн  “Хүний эрх, хөгжлийн төв” ТББ-ын тэргүүн Г.Уранцоож хэллээ.

Тэрбээр Хүний эрх хамгаалагчдыг хамгаалах тухай тусгайлсан хууль байхгүй тул хүний эрх хамгаалагчид дарамтад өртөх, доромжлуулах, амиа алдах тохиолдол хүртэл гарч байна. Тиймээс хүний эрхийг хамгаалах тусгайлан хууль боловсруулахыг төрийн өндөрлөгүүдээс шаардаж байна” гэлээ.

Ч.Ариунболд

相关新闻