"Намрын ногоон өдрүүд"-ээр ааруул хамгийн их эрэлттэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-09-14 14:20:01
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төв Баганат талбайд "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд аймгийн удирдлагууд, ХХААБХ-ны дарга, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, аймгийн ХХААГ-ын дарга Л.Баттөр нарын зэрэг албаныхан, худалдаачид, ард иргэд оролцов.
Энэ жил аймгийн хэмжээнд зуншлага сайнгүй байсан ч ногоо хураалтад онц нөлөөлөөгүй учир өмнөх жилийн хэмжээнд ургац хурааж чаджээ.
Үзэсгэлэн худалдаанд сумдын сүүн бүтээгдэхүүний брэндүүд, тариаланчдын хураасан хүнсний ногоо, хүлэмжний нарийн ногоо, гарын урлалын бүтээгдэхүүн зэрэг дэлгэгдсэн байна. Тус үзэсгэлэн нээгдэхэд хамгийн эрэлттэй нь ааруулын худалдаа байсан бөгөөд Галуут, Эрдэнэцогтын цагаан ааруул 10-12 мянган төгрөг, Баянцагаан, Баацагааны тэмээн тавхай ааруул 30 мянган төгрөгөөр зарагдаж байна. Сум сумдын хувьд үнэ ханш харилцан адилгүй байгаа ч амталгаат худалдаагаар хүссэн сонголтоо хийх боломж олгож байгаа нь худалдан авагчдад таатай байгааг иргэд хэлж байсан. Дашрамд, "Амсаж үзээд ав аа" гээд ааруул, идээгээ том томоор нь атган өгөх нь хөдөөгийн зочломтгой, хээ шаагүй төрхийг илхнээ харуулж байв. 

Мөн хүлэмжинд бойжуулсан өргөст хэмх, улаан лооль помидор, цэцэгт байцаа, салатны навч, хаш, хулуу зэрэг нарийн ногоо ч худалдан авалт сайн байлаа. Худалдаачид хэлэхдээ үзэсгэлэн худалдааны сүүлийн хоногт зарах бүтээгдэхүүнгүй болж мэдэхээр байна хэмээн арилжаа наймаандаа сэтгэл хангалуун байгаагаа ярьж байсан.
Түүнээс гадна сагсан бөмбөгийн дайны том ургасан манжин, түүнээс бараг хоёр дахин том байцаа зэрэг ногоонууд олон хүний анхаарлыг татаж байсныг дурдах нь зүй. Хэт том ургасан ногоонуудад ямар нэгэн амтын ялгаа, гашуун нясуун зүйл байдаг уу, ургалтын явцад ямар бордоогоор хэрхэн бордсон бэ гэх асуултад, "Манай аймгийн хөрсний шим  ингэж ургуулж байгаа юм. Тэр болгон бордоод байдаггүй, жинхэнэ органик. Том ургасан ногоонууд болц сайтай, харин ч илүү амттай байх шиг санагддаг" хэмээн худалдаачин нь хариулсан юм.
Энэ жилийн хувьд өмнөх онуудтай харьцуулахад гар урлал, эсгий эдлэл тус худалдаагаар ховор, голчлон хүнсний бүтээгдэхүүнүүд зарагдаж байна. Уран зураг, ширмэл ширдэг,  гоёл зүүлтийн худалдаа нэг нэг лангуунд л байлаа.
Үзэсгэлэн худалдаа гурав хоног үргэлжилнэ.
                                                                                                                                     Б.Мөнхзул
相关新闻