Дараагийн тэмцээн дэмбээний төрлөөр болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-09-14 11:23:53
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Олон Улсын болон Монголын Ахмадын баяр,  Сэлэнгэ аймгийн ахмадын хорооны 9-р бага хурлыг угтан улсын тэргүүний шилдгийн шилдэг аймгийн ахмадын хорооноос зохион байгуулсан “Монгол наадгай” өдөрлөгийн арга хэмжээнд нийлбэр оноогоор Хушаат сумын Ахмадын хороо тэргүүллээ.
Сэлэнгэ аймгийн ахмадын хорооноос ахмад настнууддаа зориулан тэднийг ганцаардал хэмээн зүйлээс ангижруулах, тэднийг эргэн нийгэмшүүлэх, идэвхи оролцоог нь нэмэгдүүлэх, хоорондоо уулзах, ярилцах, чөлөөт цагаа зөв үр бүтээлтэй өнгөрүүлэх, тэдний авьяасыг сурталчлах зорилгоор олон чухал ажил арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Түүний нэг хэсэг болох монгол зан заншлаа сэргээх, ахмадын байгууллагын хамтач, бүтээлч үйл ажиллагааг дэлгэрүүлэх үүднээс энэ удаа Сэлэнгэ аймгийн Улсын тэргүүний Цагааннуур суманд Монгол наадгайн өдөрлөгийн хүрээнд “Дөрвөн бэрх” наадам энэ сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд Сэлэнгэ бүсийн ахмадын хороодууд Хушаат, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг сумд оролцлоо. Монгол наадгай дөрвөн бэрх тэмцээн багуудын мэндчилгээ, асуулт хариулт, урлагийн номер, багийн ахлагч нарын  тэмцээн гэсэн төрлөөр явагдаж дүнгээ гаргалаа. Тэмцээнд Түшиг сумын ахмадын хорооны “Адуучин” баг, Зүүнбүрэн сумын ахмадын хорооны “Хоньчин” баг, Хушаат сумын ахмадын хорооны “Тэмээчин” баг, Цагааннуур сумын ахмадын хорооны “Ямаачин” багууд тус тус маш идэвхитэй өрсөлдөж багийн дүнгээр Хушаат сумын Д.Оюун даргатай ахмадын хороон тэмээчин баг тэргүүлж шилжин явах цом, шагналын эзэд боллоо. Тус сумынхан дараагийн монгол наадгайн тэмцээнээ дэмбээний төрлөөр зохион байгуулна гэдгээ энэ үеэр зарласан юм. Улиралд нэг удаа болдог энэхүү ахмадуудын бүсчилсэн тэмцээн энэ удаа Сэлэнгэ бүсэд амжилттай болж өндөрлөлөө.
Ч.Отгонцэцэг
相关新闻