“Номын баярын өдөр”-ийг угтан өдөрлөг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-09-13 21:43:05

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигаар жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон өргөнөөр ёслон тэмдэглэхээр болсон билээ. Уг тэмдэглэлт өдрийг угтан Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит Нийтийн номын сангаас өнөөдөр Өлгий хотын төв талбайд ном сурталчлах өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгт сумдын Соёлын төвүүдийн дэргэдэх номын сангууд болон аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулиудын номын санчид оролцлоо. Арга хэмжээний зорилгыг аймгийн Нийтийн номын сангийн захирал Д.Алтынгүл: "Мэдээллийн технологи, интернет хурдацтай хөгжиж байгаа өнөө үед номын санд орох хүмүүсийн тоо багасч байна. Тийм учраас бид номын ач холбогдлыг хүүхэд багачууд, ард иргэдэд ойлгуулах зорилгоор өнөөдрийн өдөрлөгийг зохион байгуулж байна" хэмээн тайлбарлалаа.

“Номын баярын өдөр”-ийг угтан эмээ нарын дунд явуулсан "Үлгэрч эмээ", сурагчдын дунд зарласан "Номын ач тус" сэдэвт эссе бичлэгийн уралдаануудыг дүгнэж, ялагчдад шагнал гардууллаа. Сурагчид үлгэрийн баатруудын дүрийг бүтээж, богино хэмжээний жүжиг тавилаа.

Түүнчлэн өдөрлөгийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан оролцсон бөгөөд өдөрлөг зохион байгуулагчдад талархал илэрхийлж, аймгийн номын сангуудыг шинээр гарсан болон орчин үеийн бестселлер номуудаар хангахаа  илэрхийллээ. 

 

Ө.Нурболат

 

 

相关新闻