Төрөлх сургуулийнхаа компьютерийн лабораторийг тохижуулж өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудыг 1998 онд төгссөн 300 гаруй төгсөгч хамтран төгсөлтийнхөө 20 жилийн ойг тохиолдуулан бүтээлч ажил хийхээр төлөвлөснийхөө дагуу Есөнбулаг сумын Улсын тэргүүний нэгдүгээр сургууль болон “Хантайшир-Эрдэм цогцолбор” сургуульд компьютерийн цогц лабораторийг тохижуулж өгөв.
Орчин үеийн технологижсон нийгэмд хөл нийлүүлэн цаашлаад бусдаасаа өмнө алхахад нь хувь нэмрээ оруулан дээрх сургуулиудад 50 гаруй компьютер, дагалдах техник хэрэгслийг ухаалаг самбарын хамт өгчээ. Энэхүү бүтээлч ажлыг төгсөгч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан санаачлан үеийнхэнтэйгээ хамтран зохион байгуулж ийнхүү хичээлийн шинэ жилтэй зэрэгцэн сургуулийн удирдлагууд болон сурагчдад хүлээлгэн өгсөн юм.
1998 оны төгсөлтийнхөө 20 жилийн ойг тохиолдуулан төрөлх нутагтаа бүтээлч ажлуудыг өрнүүлж, хөгжил цэцэглэлтэд нь хувь нэмрээ оруулахаар өнгөрсөн наймдугаар сард “Төрөлх-Алтай” ТББ байгуулсан гэнэ. Энэхүү ТББ-ын анхны ажил нь комьютерийн цогц лаборатори юм хэмээн төгсөгч М.Бат-Эрдэнэ танилцууллаа.
Говь-Алтай аймгийн нэгдүгээр сургууль 1996 онд анхны комьютерээ суурилуулан сургалтын үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн байна. Тус сургууль нь 2100 сурагчтай бөгөөд тэдний 1400 орчимд нь мэдээлэл технологийн хичээл ордог аж.
Ийнхүү нийт сурагчын дийлэнх хүүхдийн хичээллэх орчинд хувь нэмрээ оруулсан 1998 оны нийт төгсөгчиддөө баярлаж буйгаа дээрх сургуулиудын багш, сурган хүмүүжүүлэгч, сурагчид талархаж буйгаа илэрхийлсэн юм.
Ийнхүү нийт сурагчын дийлэнх хүүхдийн хичээллэх орчинд хувь нэмрээ оруулсан 1998 оны нийт төгсөгчиддөө баярлаж буйгаа дээрх сургуулиудын багш, сурган хүмүүжүүлэгч, сурагчид талархаж буйгаа илэрхийлсэн юм.
Э.Нарангэрэл