БАЯНХОНГОР: Хөшөө дурсгалуудыг цэвэрлэж, будаж балласан гэмтлийг сэргээн засварлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-04-18 11:24:14

Баянхонгор, 2024 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Залуучуудын хөгжлийн төвийн санаачилгаар "Нэг хамт олон - Нэг сайн дурын ажил" аяныг зохион байгуулж буй. Энэ хүрээнд, Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүйн музейгээс "Түүх соёлын дурсгалаа хайрлан хамгаалцгаая" уриан дор аймгийн төвийн нутаг дэвсгэр дэх хөшөө дурсгалуудыг хамт олноороо угааж, засаж цэвэрлэжээ.


Хөшөөнүүдийн биологийн бохирдол болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй гэмтэл, будаж балласан зэргийг ийнхүү угааж цэвэрлэх үеэрээ тус хамт олон, "Цаашид хүүхэд багачуудад түүх соёлын үл хөдлөх дурсгал болох хөшөөг санаатай болон санамсаргүй байдлаар будаж баллахгүй байх, хэрэв тийм үйлдэл гаргаж байгаа хүнтэй таарвал зохих шаардлагыг тавьж соёлч байдлыг хэвшүүлэх хэрэгтэй" -г захиж байв.


Өнөөдөр Хөшөө дурсгалыг хамгаалах олон улсын өдөр бөгөөд аймгийн төвийн хөшөө дурсгалууд ийнхүү шинэ мэт өнгө зүсээ заслаа.


1983 онд ЮНЕСКО-гийн ерөнхий ассемблейн XXII чуулганы хуралдаанаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 18-ны өдрийг “Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарч байжээ.


Музейн хамт олон Монгол Улсын гавьяат багш Нямын Бавуужав дурсгалын хөшөө, аймгийн анхны Сайн малчин Данзангийн Сангивандан дурсгалын хөшөө, Гавшгайчдын хөшөө, Тусгаар тогтнолын хөшөө, Дансрангийн Сүхбат цээж баримал, Монгол Улсын үндсэн хуулийн дурсгалын хөшөө, Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөө, Байтаг богдын баатар Д.Чойчингийн дурсгалын хөшөө, Эрдэнэмандал хайрхан “Хос зүрхтэй” хөшөө, Хос хүрэл морь боржин чулуун хөшөө зэргийг цэвэрлэж, будаж балласан гэмтлүүдийг сэргээн засварласан байна.


Хөшөө дурсгал бол тухайн хүн, түүхэн үйл явдлыг байнга санан дурсаж буй баталгаа, хүндэтгэн дээдэлж буйн илрэл, нөгөө талаас тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, амьдрахуйн хэвшил, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл юм.



Холбоотой мэдээ