А.Хатантөмөр: Хүнийг бүтэн эрүүлжүүлнэ гэвэл сэтгэлгээг өөрчлөх ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-03-14 18:12:30
altantogos

Мандалговь, 2024 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар монгол хүний дундаж наслалтыг уртасгах, эрүүл мэндийг тэтгэх, анагаахын шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бие бялдрыг нь чийрэгжүүлэхэд чиглэсэн “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж байгаа. Энэ хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, эрүүл монгол хүнийг төлөвшүүлэхэд сэтгэлээ зориулан олон хүнд амьдралын зөв хэвшил бий болгож буй “Хатан” эмнэлгийг үүсгэн байгуулагч, эмэгтэйчүүд, эх барихын их эмч А.Хатантөмөртэй ярилцлаа.


-Танай эмнэлэг иргэдэд ямар үйлчилгээ үзүүлдэг вэ, ер нь эрүүл байхын тухайд таны баримталдаг зарчим, гол чиглэл юу вэ?

-Манай эмнэлгийн тухайд эмэгтэйчүүдийн оношилгоо, сэргээн засах эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг тусгай зөвшөөрөлтэй эмнэлэг. Эрүүл байхын тухайд хүн бие бялдрын хувьд тэнцвэртэй, хоол ундны зөв, зохистой хэрэглээтэй, хөдөлгөөн зөв хийдэг байх нь чухал. Ингэснээр бие болон сэтгэл санаа эрүүл байж, амар амгалан, тайван аж төрж, гэр бүл аз жаргалтай байдаг гэж боддог.


Тиймээс манай эмнэлэг ирсэн үйлчлүүлэгчдийнхээ бие бялдрын нь зовуурийг арилгахаас гадна сэтгэл санааг нь эмчилж, эрүүлжүүлэхийг хичээдэг. Эмчилгээнд хамрагдсан хүмүүс маань зөв хооллож, буруу зуршлаа хаяж, дэглэм барих хэрэгтэй. Тиймээс энэ чиглэлээр эрүүл мэндийн боловсрол олгож, зөвлөгөө өгдөг.


-Эмнэлгээ байгуулаад хэдэн хүнд үйлчилгээ үзүүлсэн бэ, танай эмнэлэгт ирж байгаа үйлчлүүлэгчдийн хувьд ямар өвчлөл давамгайлж байна?

-Би Анагаах ухааны дээд сургууль төгссөн, Европын анагаах ухааныг судалсан эмч хүн. Эмчээрээ олон жил ажилласангүй, өөр ажил алба хашиж байгаад тэтгэвэртээ гарсан. Хэдийгээр эмчээрээ ажиллаагүй ч гэсэн өөрийгөө хаяхгүй, үе үеийн анагаах ухааны ном уншиж, судалж, эмнэлгүүд дээр очиж ажилладаг байлаа. Тэтгэвэртээ гараад л эмнэлэг байгуулах санааг бодож яваад хэрэгжүүлсэн. Эмч хүнд эмчээ хийхгүйгээр өтөлнө гэдэг тун хэцүү.


2009 оны нэгдүгээр сард тэтгэвэртээ гараад эхлээд сургалтын төв байгуулж, дараа жил нь “Хатан” эмнэлгээ байгуулсан. Төрийн ажил хийж байсан хүнд хураасан, барьсан хөрөнгө юу байхав, ХАС банкны зээлээр л төвөө босгосон доо.


Эх барих, эмэгтэйчүүдийн оношилгоо, эмчилгээ болон сэргээн засах эмчилгээ хийнэ. Жилд 1200-1500 хүн оношилж, эмчилгээнд 400-500 хүн хамруулдаг. Даралт ихсэх, зүрхний хэм алдалт, зүрхний эмгэг, уушигны архаг бронхит, эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин, нурууны суулт, нуруу, хөл, гар, тархи толгой өвддөг, чихрийн шижин, элэгний өөхлөлт гэх мэт өвчлөл элбэг байна.


-Эдгээр өвчний шалтгаан нь юу байна вэ?

-Шалтгаан нь ерөөсөө л амьдралын буруу зуршил, таргалалт. Өөрөөр хэлбэл буруу хооллолт, буруу дэглэм, хөдөлгөөний дутагдал, буруу хэвшил.


Ардчилал бидэнд маш олон сайхан боломжуудыг өгсөн. Бид морио унахаа болиод машин унадаг болсон, зөөлөн буйданд тухалж, гар утас, зурагтын хамааралтай болсон, иддэг, уудаг олон янзын бүтээгдэхүүн, амттан, химийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг болсон, архи, тамхийг хэрэглэдэг хүн олширсон гэх мэт тансаглал биднийг өвчлөл рүү түлхэж байна.


Гэхдээ сонголт нь бидэнд өөрсөд маань бий. Юу сонгож байгаа нь тухайн хүний эрүүл мэндийн боловсролтой л холбоотой юм. Бие нь өвдөөд ирж байгаа хүмүүс сэтгэл санаагаар их уначихсан байдаг. Тиймээс сэтгэл санааг эмчлэх нь их чухал. Нүд нь буугаад л гал, цоггүй болчихсон, өвдчихсөн хүн манайд ирээд 3 хоног эмчлүүлээд л зөвлөгөө авахад нүд нь сэргээд л ирдэг. Сэтгэлийн хямрал, нойргүйдэлд орсон, инээхээ больсон хүмүүс ирээд инээгээд л гардаг. Эдгэхгүй өвчин гэж байдаггүй, эдгэдэггүй хүн л байдаг гэдэг. Тиймээс хүнийг бүтэн эрүүлжүүлнэ гэвэл сэтгэлгээг өөрчлөх ёстой.


-Та их олон жил алхаж, хөдөлгөөн хийж, бусдад үлгэр дуурайлал үзүүлж, нөлөөлж байгаа хүн. Та өөрийнхөө энэ туршлагаас хуваалцана уу?

-Эрүүл байхын тулд зайлшгүй л хөдөлгөөн хэрэгтэй, зөв хооллох ёстой, санаа сэтгэл амар амгалан байх ёстой, оюун ухаан маань зөв ажиллаж байх ёстой л гэж бодож хичээж явдаг. 56 жил тасралтгүй алхаж байна.   

Би хөдөөний хүүхэд юм чинь 13, 14 настайгаасаа л өглөө эрт босож, хонь малдаа гүйдэг байсан. Залуу байхад өглөөд 5-6 км гүйдэг, сүүлдээ 10 км алхдаг болсон. Харин одоо бол өдөрт 6 км алхаж, идэвхтэй хөдөлгөөн хийнэ. Үе мөчөө тэнийлгэх, сунгалтын дасгалуудыг тогтмол хийдэг. Хөдөлгөөн зөв байх ёстой. Тиймээс өөртөө тохирсон сунгалтын дасгал, төвөдийн залуужуулах 5 дасгал хийдэг. Болж өгвөл бүжиг алгасахгүй байхыг хичээдэг.  


Хүн л юм чинь амьдралд зөндөө л зовлон, жаргал туулсан. Өөрөө өвдөж ч байлаа. Өөрийнхөө алдаанаас суралцаж, бусдад эрүүл байх боломж олгохыг л хичээж явна даа. Сэтгэл санаагаа тайван байлгаж, оюун ухаанаа зөв удирдахын тулд сүүлийн жилүүдэд бясалгал хийж байна. Бурхан багшийн ариун номын бясалгалд энэ жил 5 дахь удаагаа суугаад ирлээ. Энэ бол байгалийн хуулийг өөрөөр нь мэдрүүлдэг учраас эрүүл байх боломж бүрддэг гэж боддог юм.


Хооллолтын хувьд багадаа хөдөөний хүүхдүүдийн л иддэг байсныг идэж, ууж байсан. Манайх олон хүүхэдтэй, шар будаа, адууны мах, сүү, цагаан идээгээ л идэж өссөн. Тэр бол үнэхээр зөв хооллолт байсан юм билээ. Одоо бол цагаан идээгээ л голлож иднэ, ямааны сүү, аарцтай будаа, шар будаа, өөрсдөө талхаа барьдаг. Махаа зөв хэрэглэнэ.


-Таны яриад байгаа амьдралын буруу зуршил, таргалалтаас үүдэлтэй өвчин эмгэгийг багасгах, монгол хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэхийн тулд “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн өрнөж байна. Таны бодлоор иргэдийн дундах амьдралын буруу хэвшлийг багасгаж, эрүүлжүүлэхийн тулд ямар ажлыг хэрэгжүүлэх ёстой вэ?

-Цаг үеэ олсон чухал шийдвэр, үйл ажиллагаа гэж хүлээн авч, талархаж байгаа. Иргэдэд нийтээр эрүүл мэндийн боловсрол чухал байна. Хамгийн эхэнд хоолоо зөв сонгож иддэг, зөв хөдөлгөөн хийдэг, урьдчилан сэргийлж чаддаг болмоор байна.


Залуу эмэгтэй цүнхэндээ даралт буулгах, өвчин намдаах эм авч явах бол энгийн жишээ. Эмнээс татгалзаж, даралт ихэсгээд байгаа өвчнийхөө шалтгааныг олоод тохирсон эмчилгээг хийлгэж, сэтгэл санаагаа эрүүлжүүлж, өөрөө хичээж яагаад болохгүй гэж.


Би Европын анагаахаар л сурч, мэргэшсэн хүн. Хүн бүр эрүүл мэндийн боловсролтой, урьдчилан сэргийлж, өвдөх нь багасвал манай эмнэлгүүдийн ачаалал буурах талтай. Нийгмийн эрүүл мэндийн асуудлыг өргөн цар хүрээтэй ярьж хэрэгжүүлэх хэрэгтэй санагддаг. Өрхийн эмнэлгийн эмч нь ч бай, нарийн мэргэжлийн эмч нь ч бай бүгд хүний сэтгэл зүйтэй ажиллаж, эрүүл байх, зөв дадал, зуршилтай байх талаар ярьж, зөвлөгөө өгдөг байх нь чухал. Хүнийг зүгээр л үзээд эм бичээд өгчих нэг өөр, дахиж өвдөхгүй байхын тулд яах ёстойг ойлгуулж, нүд рүү нь харж байгаад ярилцдаг байх нэг өөр.


Ажиглаад байхад сүүлийн жилүүдэд манай аймагт өглөө алхдаг, бүжиглэдэг, иог, бясалгал хийдэг, фитнесээр хичээллэдэг хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Гэхдээ л ийм хүмүүсийг бүр олон болгож, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж, иргэдтэйгээ л тулж ажилламаар санагддаг.


Мөн гэр бүлийн боловсрол олгох асуудал чухал байна. Хүүхдэд багаас нь эрүүл мэндийн боловсрол олгоно гэдэг бол гэр бүлийн хүмүүжил, орчин, аав, ээжийн хандлагаас их хамаарна. Айл өрхөд нэг өвчтэй хүн байхад л тэр хүний эрүүлжихэд гэр бүлийнх нь гишүүдийн харилцаа, хандлага, хооллолт энэ бүх зүйл нөлөөлдөг. Тиймээс л гэр бүлийх нь гишүүдтэй ч ажиллах хэрэгцээ гарна. Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг чанартай хийх хэрэгцээ байна л гэж боддог.


-Ярилцсанд баярлалаа.





Холбоотой мэдээ