ЗАВХАН: Монгол өв соёлыг сар бүр таниулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-02-16 10:12:47

Улиастай, 2024 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Залуучуудын хөгжлийн төвөөс энэ жилийн турш сар бүр монголын уламжлалт өв соёлыг хүүхэд, залуучуудад таниулах, сурталчлах үйл ажиллагааг явуулахаар болжээ.


Хоёрдугаар сард "Монгол өв уламжлалаа дээдэлье” сэдвийн хүрээнд шагайн тухай сургалт, мэдээллийг 30 гаруй хүүхэд, залууст хүргэсэн байна.


Монгол шагайн наадгайн түүх, соёл, ялангуяа сартуул шагайн харвааны талаарх уламжлал арга техник, онцлогуудын талаарх мэдээллийг өсвөр үеийнхэн, залуучуудад хүргэсэн нь сонирхолтой боллоо.


Учир нь аймгийн "Даян мэргэн" харваачдын холбоотой хамтран явуулсан энэ сургалтад монгол шагайн харваагаар хичээллэхийн ач холбогдол сэдвээр Завхан аймгийн “Даян мэргэн” харваачдын холбооны нарийн бичгийн дарга, аймгийн гоц мэргэн Д.Рэнчиндорж мэдээлэл өглөө.

Уулзалтад өсвөрийн харваач, анхан суралцагч нар оролцож, шагайн харвааны түүх, хичээллэхийн ач холбогдол, давуу тал, цолын талаарх мэдээлэл авсан. Өсвөрийн харваач, суралцагч нар сум тавин анхан шатны техникийг заалгалаа гэж аймгийн Залуучуудын хөгжлийн төвөөс мэдээлэв. 


Ташрамд, Завхан аймаг шагайн соёлын өлгий нутаг юм. Ялангуяа сартуул шагайн харваагаар сүүлийн 300 шахам жил буюу 6-8 үе дамжин харваж тоглосоор иржээ.


Аймгийн хэмжээнд 150 орчим шагайн харвааны соёлын өв тээгчдийн бүртгэл байсан бол Даян мэргэн үйл ажиллагааг хэрэгжсэнээс хойш өвлөн тээгчдийн тоо 500 орчимд хүрчээ.


Холбоотой мэдээ