"James Webb"-ийн авсан мушгиа галактикуудын зургуудыг үзүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-01-31 15:42:17

ВАШИНГТОН, 2024 оны нэгдүгээр сарын 31 /Anadolu/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвөөс (NASA) "James Webb"  огторгуйн дурангаар авсан мушгиа хэлбэртэй 19 галактикийн гэрэл зургуудыг нийтэлжээ.


Тус төвийн цахим хуудсанд бичсэнээр, эдгээр зургийг Physics at High Resolution in Nearby Galaxies (PHANGS) хөтөлбөрийг хэрэгжүүлж буй эрдэмтэд авсан байна. 


"James Webb" дуран авайны ойрын хэт улаан туяаны камерыг ашиглан цэнхэр өнгөөр гэрэлтэх оддыг авсан бол "тод улаан үр" мэт гэрэлтэх, дөнгөж үүссэн одод болон оддын эргэн тойрон дахь тоосонцрын үүлсийн зургийг хэт улаан туяаны хэрэгслээр (MIRI) авчээ.


Охайо муж улсын их сургуулийн одон орон судлалын профессор Адам Лерой ярихдаа, зургууд дээрх том бөмбөрцөг хэлбэрийн "бүрхүүл" нь нэг ба хэд хэдэн од дэлбэрснээр одод хоорондын хий, тоосонцор шахагдан гадагшлах үед үүссэн нүхнүүд байж магадгүй гэдгийг хэллээ.


Канадын Альбертагийн их сургуулийн физикийн профессор Эрик Росоловски "галактикийн зарим бүсэд мушгиа салаанууд улаан, улбар шар өнгөөр ижилхэн тэлдэг" хэмээн үзэж байгаа бөгөөд эдгээр бүтцийн хоорондын зай нь оддын үүсэл, хөгжил, мөхлийн талаарх ойлголтыг өгдөг ажээ.


Харин Германы Макс Планкийн хүрээлэнгийн эрдэмтэн Ева Шиннерерийн ярьснаар, галактикуудын төвийн ойролцоох ягаан-улаан дифракцийн толбо нь оддын бөөгнөрлөөс ялгарах гэрлээс эсвэл идэвхтэй хэт масстай хар нүхнээс үүдэлтэй байх магадлалтай.


Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 150 гаруй одон орончдын оролцоотойгоор хэрэгжүүлж буй PHANGS хөтөлбөрийн хүрээнд хэт ягаан туяа, харагдахуйц гэрэл, радио долгионы бүсэд зураг авахын тулд "Very Large Telescope" (VLT) гэдэг олон атомт спектроскоп судалгааны багаж, "Хаббл" дуран авай, "Atacama Large Millimetre/submillimetre Array" (ALMA) дуран авайг ашиглаж байгаа ажээ. 


Төслийн хүрээнд оддын 100  орчим бөөгнөрлийг багтаасан, одоогоор хамгийн томд тооцогдох каталогийг гаргасан байна.





Холбоотой мэдээ