Цаг агаар: Төв болон зүүн аймгуудын ихэнх хэсгээр ОЖД-аас хүйтэн байна

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2024-01-02 16:19:07

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газраас 2024 оны 1 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан тойм мэдээллийг гаргажээ.

 

Баруун аймгуудын нутгаар:  Ховдын өмнөд болон Говь–Алтай, Баянхонгорын ихэнх хэсгээр ОЖД-аас энэ сард агаарын дундаж температур дулаан байна. Хур тунадас болон температур бусад олон жилийн дунджийн орчим ажээ. Нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 3–5°С-аар дулаан, бусад хугацаанд ОЖД–аас 3–5°С-аар хүйтэн байх төлөвтэй.

Нэг болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэж, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй.


Төвийн аймгуудын нутгаар: Хөвсгөл, Архангайн баруун, Өвөрхангайн ихэнх хэсгээр энэ сард агаарын дундаж температур ОЖД–ийн орчим байна. Хур тунадас, агаарын дундаж температур бусад нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн дундаж, гуравдугаар арав хоногийн эхэн болон дундуур ихэнх нутгаар ОЖД-аас 2–4°С-аар дулаан байх юм. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дундуур, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 2–5°С-аар хүйтэн байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэж, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй.


Зүүн аймгуудын нутгаар: Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД-аас энэ сард агаарын дундаж температур хүйтэн байна, Хэнтий, Дорнодын өмнөд хэсэг болон Сүхбаатарын нутгаар хур тунадас ОЖД–аас ахиу орно. Харин бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас 1–3°С-аар дулаан, бусад хугацаанд ОЖД–ийн орчим болон дунджаас 1-2°С-аар аар хүйтэн байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дундуур зарим газраар цас орж, салхи ширүүсэж, цасан шуурга шуурч болзошгүй.


Говийн аймгуудын нутгаар: Агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-ийн орчим, хур тунадас Өмнөговь, Дорноговийн нутаг, Дундговийн өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу орно. Харин бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ОЖД-аас 2–4°С-аар дулаан байх аж. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ОЖД-аас 2–4°С-аар хүйтэн байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар цас орж, цасан шуурга шуурч болзошгүй.


Уур амьсгалын тойм

Нэгдүгээр сарын агаарын температурын ОЖД нь Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар -24…-30°C, Увс нуур, Дархадын хотгороор -30...-34°C, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар -12...-18°С, бусад нутгаар -18...-24°C хүйтэн байдаг байна. Нэгдүгээр сарын агаарын дундаж температурын олон жилийн явцаас үзвэл 2015 оны 1 дүгээр сард нийт нутгаар ОЖД–аас 1–8°С–ээр дулаан байсан нь 1979 оноос хойших хамгийн дулаан 1 дүгээр сар болсон бол 2011 оны 1 дүгээр сард нийт нутгаар ОЖД-аас 1-9°С-ээр хүйтэн байсан нь түүхэн дэх хамгийн хүйтэн 1 дүгээр сар болсон байх юм.


Хангайн нурууны төгсгөл, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар сарын нийлбэр хур тунадас 2-4 мм, бусад нутгаар 0-2 мм ордог. ОЖД-аас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол зарим жил цөөнгүй байдаг. Тухайлбал, 1987 болон 2010 оны 1 дүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас оржээ. Энэ нь түүхэн дэх хамгийн их тунадастай 1 сар болсон байна. Харин 1993, 2020 оны 1 дүгээр сард харьцангуй бага хур тунадастай байснаар 1979 оноос хойших хамгийн бага тунадастай 1 сар болсон аж.


Зөвлөмж

Сарын эхээр ихэнх нутгаар агаарын ОЖД-аас дундаж температур дулаан байна. Гэвч нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дундуур ихэнх нутгаар ОЖД-аас 3–5°С-аар хүйтэн байх юм. Харин сарын дунджаар нь аваад үзвэл, нутгийн баруун өмнөд хэсгээр ОЖД-аас дулаан байна. Харин төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр ОЖД-аас хүйтэн, говь талын нутгаар дунджаас ялимгүй их цас орох төлөвтэй байна.


Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор, олон жилийн дундаж (ОЖД) гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.

Баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)

Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)

Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр)


Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг.

Холбоотой мэдээ