Их мастер Т.Мөнхзул түргэн тоглолтын ДАШТ-д түүхэн амжилт гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2023-12-31 16:45:09
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар 31 /МОНЦАМЭ/. Узбекистан улсын Самарканд хотноо зохиогдсон түргэн болон түргэвчилсэн төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Үндэсний шигшээ баг, Каисса клубын шатарчин Их мастер Төрмөнхийн Мөнхзул түргэн буюу блиц төрөлд тэмцээний туршид хошуучлагчдын эгнээнд дэлхийн шилдгүүдтэй хамт манлайлан оролцож, шагналт 4-р байрт шалгарсан байна. 


Энэхүү амжилт нь Монголын шатрын түүхэнд АЛТАН үсгээр бичигдэж, үл мартагдах маш том амжилт боллоо хэмээн Монголын шатрын холбоо мэдэгдлээ.


Тэрбээр 17 өрөг тоглохдоо дөрвөн шатрын дэлхийн аваргуудтай оноолт таарч хоёрыг нь хожиж нэгтэй нь тэнцсэн бол нийт 12 эрэгтэйчүүдийн их мастер цолонд хүрсэн энэ цаг үеийн шилдэг эмэгтэй шатарчдыг хожиж, тэнцсэн нь дэлхийн шатрын сонорт хүрсэн гайхамшигтай үзүүлэлт болжээ. 


Блиц төрөлд мөн эх орноо төлөөлөн оролцсон МУГТ, Их мастер Б.Мөнгөнтуул 20-р байр, Их мастер Д.Номин-Эрдэнэ 60-р байрыг тус тус эзэлжээ. 


Түргэвчилсэн буюу Рапид төрөлд Их мастер Т.Мөнхзул 17-р байр, Их мастер Д.Номи-Эрдэнэ 24-р байр, МУГТ, Их мастер Б.Мөнгөнтуул 30-р байрыг тус, тус эзэлсэн байна.


Эрэгтэй шатарчдын маань хувьд энэ жил эх орноо төлөөлөн Их мастер С.Билгүүн, ФМ М.Амилал, ФМ С.Чингүүн нар блиц болон рапид төрөлд оролцож, дэлхийн дэвжээнд Магнус Карлсен тэргүүтэй шатарчидтай өрсөлдөж, ур ухаанаа амжилттай сорьжээ.



Холбоотой мэдээ