Мөнгөний бодлогын үндсэн чиглэл ба банкны зээлийн хүү, ипотекийн зээл 2024 онд ямар байх вэ?

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2023-10-06 12:47:25

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. УИХ-ын намрын чуулганы пүрэв гараг /2023.10.5/-ийн нэгдсэн хуралдаанаар Монголбанкнаас өргөн мэдүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцэж гишүүдийн олонх нь дэмжиж нэгдүгээр хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлжээ.


Уг баримт бичгийн төслийг боловсруулахдаа инфляцыг тогтворжуулах замаар дунд хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, гадаадын банкны бие даасан салбар нэгжийг дотоодын санхүүгийн салбарт нэвтрүүлж ажиллуулах, ногоон зээлийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах нэгдсэн системийг хөгжүүлэх, хил дамнасан худалдаа, цахим төлбөр тооцоо болон финтект суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжлийг дэмжих зэрэгт онцгойлон анхаарчээ. Мөн дунд хугацааны инфляцыг 2024 онд 6 хувь дээр нь +/-2 байхаар төсөлт тусгажээ.


Монголбанкнаас “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг УИХ-д өргөн мэдүүлэхдээ улсын төсөв 23 их наяд төгрөг байна. Харин инфляц дундаж хугацаандаа 7,9 байхаар тооцсон байна. Гэтэл улсын төсөв төсөлд 27 их наяд төгрөг байхаар орж иржээ. Ийм нөхцөлд УИХ-ын ажлын хэсгийн хүрээнд Улсын төсвийн бодлоготой “мөнгөний бодлогын үндсэн чиглэл”-ийг уялдуулах, 2024 оны инфляцыг дахин тооцох хувилбар хэлэлцүүлгийн явцад хөндөгдсөн аж. Улсын төсөв тэлж орж ирж байгаа нөхцөлд төрөөс баримтлах мөнгөний бодлогод мөчлөг сөрсөн мөнгөний хатуу бодлого явуулах хэрэгтэй болдог гэж Монголбанкны ажлын хэсэг тайлбарласан байна. Тэгэхээр 2024 онд төрөөс баримтлах мөнгөний бодлого зөөлөн байхгүй байх магадлалтай болжээ.


Түүний дараа арилжааны банкны зээлийн хүү яагаад өндөр байгаа талаар гишүүд, ажлын хэсгийнхэн /Монголбанкны удирдлага/-ээс хамгийн олон асуусан байх юм. Арилжааны банкны зээлийн дундаж хүү 16,4 хувьтай байгаа юм байна. Энэ тоон үзүүлэлт зээлийн хүү огцом буураагүй боловч урт хугацаанд нь авч үзвэл бууж байгаа гэж Монголбанкны ажлын хэсгээс тайлбар хийсэн байна. Арилжааны банкны зээлийн хүү огцом буурахгүй байхад дараах хэдэн хүчин зүйл нөлөөлдөг ажээ. Тухайлбал:

  • Урт хугацааны зээлийн эх үүсвэр хомс
  • Инфляц өндөр
  • Хадгаламжийн хүү өндөр
  • Төв банкны бодлогын хүү 13 хувь байгаа аж.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг хэлэлцэхэд хөндөгдсөн дараагийн сэдэв нь ипотекийн зээл байжээ. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Ипотекийн зээл нийслэлд 70, орон нутагт 30 гэсэн харьцаагаар явж байна. Энэ тал дээр Монголбанк ямар бодлого явуулж байна вэ” гэсэн асуулт асуужээ. Түүний энэ асуултад Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Үндэсний ипотекийн корпорац байгуулагдах хүртэл энэ зээлийг Монголбанк өөр дээрээ авч явах юм. Улсын төсөвт ипотекийн зээлийн хүүгийн зөрүү 8 тэрбум төгрөг 2023 онд суулгасан. Энэ хүрээнд уг зээлийг 4300 өрхөд олгох боломжтой болсон. Зээлийн хүүгийн зөрүүгийн эх үүсвэрт түшиглэн ипотекийн зээлийг нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтөд орсон талбар нэгж болон орон нутагт олгож байгаа. 2024 оны төсөвт энэ зээлийн хүүгийн зөрүүд улсын төсөвт 16 тэрбум төгрөг болгож өсгөхөөр суулгасан. Ипотекийн зээлийн хүүгийн зөрүүгийн эх үүсвэр нэмэгдэнэ гэж хариулжээ.


Энэхүү асуулт хариултын дараа УИХ-ын гишүүн С.Чинзориг, ипотекийн зээлийн 10 хувийг орон нутагт олгожээ. Түүнийг 50:50 хувь болгох боломжийн талаар асуудал хөнджээ. Энэ талаар ажлын хэсэг ипотекийн зээлийн 16 хувь нь орон нутагт олгогдсон гэдэг хариу өгсөн байх юм. Ипотекийн зээлийн хүүгийн зөрүүгийн эх үүсвэр 2024 онд нэмэгдсэнээр уг зээлийг авах  өрхийн тоо ирэх онд 4300-гаар нэмэгдэх боломж бүрдэнэ. Түүнийг төвлөрлийг буруулах, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд орон нутагт олгосон нөхцөлд ипотекийн зээлийг нийслэлд болон орон нутагт яг тэнцүү 50:50 хувиар олгох нөхцөл бүрдэх талаар УИХ-ын чуулганы танхимд хөндөгджээ.


Энэ бүхэн улсын 2024 оны төсөв, төрөөс мөнгөний талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлагдсаны дараа тодорхой болно.

Холбоотой мэдээ