Монгол-Франц: Уламжлалт харилцаанд шинэ хуудсыг нээсэн айлчлал

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2023-05-22 14:41:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европ тив дэх Монгол Улсын ойрын чухал түнш, гуравдагч хөршүүдийн нэг бол Франц улс бөгөөд тус улсын Ерөнхийлөгч Э.Макрон манай улсад төрийн айлчлал хийсэн нь хоёр орны харилцааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой, харилцааны түүхэнд шинэ хуудас нээсэн үйл явдал боллоо.


Энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 58 жилийн хугацаанд Францын талаас төрийн тэргүүний түвшинд хийсэн анхны айлчлал гэдгээрээ онцлог. Ташрамд сонирхуулахад, одоогоос 37 жилийн өмнө 1986 онд Францын ерөнхийлөгч асан Валери Жискар д’Эстэн БНМАУ-ын Ардын Их Хурлын урилгаар Улаанбаатар хотноо айлчлан ирж байсан бол 1996 онд Ерөнхийлөгч П.Очирбат, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр, 2015 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар Франц улсад айлчилж байжээ.


Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Франц улсын Ерөнхийлөгч Э.Макрон нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр тал Хамтарсан тунхаглал гаргалаа. Мөн хэлэлцээний үр дүнгийн талаар хоёр улсын төрийн тэргүүн нар мэдээлэл хийв. 


Хэлэлцээний явцад хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол-Францын харилцаа, хамтын ажиллагаа ба олон улсын харилцааны тулгамдсан асуудлуудаар санал солилцлоо.


Хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ, хэлэлцээний явцад хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг үе шаттайгаар ахиулж, стратегийн түншлэлд хүргэх талаар ярилцсаныг онцоллоо.


Монгол Улс Франц Улсыг чухал гуравдагч хөрш гэж үздэг бол Франц Улс Монгол Улсыг Онцгой түнш гэж тодорхойлдог. Монгол, Францын харилцаа “Найрсаг харилцаа, хамтын ажиллагаа”-ны түвшинд нэгэн жарны турш амжилттай хөгжиж ирсэн бол өдгөө харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д, цаашдаа “Стратегийн түншлэл”-д хүргэхээр талууд зорьж байна. 


Хэлэлцээний явцад, Монгол-Европын Холбооны түншлэлийн хүрээнд Франц улстай тогтоосон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрмэлзэлтэй байгаагаа манай тал нотоллоо.


Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхийн тулд хоёр тал цөмийн эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтарч ажиллах, үүний зэрэгцээ манай улсад өрнөж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Франц Улсын “Ойн дээд хэмжээний уулзалт”-аас гаргасан санаачилгатай уялдуулахаар тохиролцсоныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэн хэллээ.


Хэвлэлийн хурлын үеэр Францын Ерөнхийлөгчийн хэлснээр, тэрбээр хэд хэдэн чухал асуудлаар Монгол Улсын төрийн тэргүүнтэй ярилцсан бөгөөд тэдгээрийн дотор Монголд сөргөөр нөлөөлж буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хөндсөн байна. Энэ хүрээнд Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монголд зохион байгуулахыг Франц улс дэмжинэ гэдгийг Ерөнхийлөгч Э.Макрон илэрхийллээ. Мөн нүүрсний хэрэглээг аажмаар багасгах, ХАА-н салбарыг уур амьсгалын өөрчлөлтийн хамаарлаас гаргах, хүнсний хараат бус байдлыг бий болгох, эрчим хүчний засаглалыг сайжруулахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж буй манай улсад Францын тал тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна.


Түүнээс гадна, том төслүүдийг хэрэгжүүлэх замаар Монголоос Франц руу нэн чухал металл нийлүүлснээр эрчим хүчний эх үүсвэрээ бэхжүүлэхэд нь Монгол Улсад туслах боломжтой гэдгийг Францын төрийн тэргүүн онцоллоо.


Нэн чухал металл нийлүүлэх тухайд хоёр талын гаргасан Хамтарсан тунхаглалд дурдахдаа, “Бадрах Энержи” ХХК-ийн Зөөвч-Овоо төслийн хөрөнгө оруулалтын ба хувьцаа эзэмшигчдийн гэрээг байгуулах асуудлаар хийж буй яриа хэлэлцээг эрчимжүүлж, ирэх намар гэхэд уг хоёр гэрээг байгуулах боломжтой гэдгийг онцолжээ.


Ерөнхийлөгч Э.Макрон үгийнхээ төгсгөлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ирэх 10 дугаар сард Франц улсад айлчлахыг урилаа. Энэ үеэр Франц улсын Үндэсний түүхийн музейд "Чингис хаан дэлхийг хэрхэн өөрчлөв" үзэсгэлэнг толилуулах юм. Мөн талууд Зөөвч-Овоо төслийн гэрээнүүдэд гарын үсэг зурах болов уу гэсэн хүлээлт бий.  


Айлчлалын хүрээнд хоёр тал 18 зүйл заалт бүхий Хамтарсан тунхаглалыг гаргалаа. Түүнд дурдсанаар, хоёр улсын төрийн тэргүүн нар бүс нутаг, олон улсын харилцааны асуудлуудаар санал солилцохдоо, олон улсын маргаантай асуудлыг энхийн замаар шийдвэрлэх, ингэхдээ НҮБ-ын Дүрэм болон олон улсын эрх зүй, улс орны бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх зарчмыг баримтлах ёстойг нотоллоо. Үүнтэй холбогдуулан Украинд энгийн ард иргэдийн амсаж буй зовлон, иргэний дэд бүтцийг бөмбөгдөж байгаад талууд санаа зовниж буйгаа илэрхийлж, олон улсын эрх зүйд суурилсан тогтвортой энх тайвныг сэргээхэд чиглэсэн хүчин чармайлтыг дэмжихээ мэдэгдэв.

Төрийн тэргүүн нар цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай асуудлыг хөндсөн ба Франц Улсын зүгээс НҮБ-ын холбогдох тогтоолуудыг хүндэтгэн сахиж мөрдөхийг БНАСАУ-д уриалсны сацуу Зүүн Хойд Ази дахь яриа хэлэлцээг дэмжиж буй Монгол Улсын хүчин чармайлтыг өндрөөр үнэллээ.


Хамтарсан Тунхаглалд улс төрийн асуудлуудаас гадна олон салбарын бодит хамтын ажиллагааг ахиулах талаар тусгажээ. Тухайлбал, нэн чухал металл нийлүүлэхээс гадна Франц улсаас сэргээгдэх эрчим хүчний салбарт хийх хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэдгийг дурдсан байна. Түүнчлэн хиймэл дагуул хөөргөх талаар хамтран ажиллах, Улаанбаатар хотод агаарын дүүжин тээврийн замыг барьж дуусгах, гамшгийн хохирлыг бууруулах Монголын үндэсний багийн чадавхыг олон улсын стандарт шаардлагад нийцүүлэх, гэмтэл согог судлал, хавдар судлалын эмч мэргэжилтнүүдийн солилцоог дэмжих замаар эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх гэх мэт өргөн хүрээтэй асуудлуудыг тусгажээ.  


Мөн хоёр тал боловсрол, шинжлэх ухаан, соёлын харилцааг гүнзгийрүүлэхээр тохиролцож, үүний тулд “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” санаачилга ба хамтарсан тэтгэлэгт сургалтын хөтөлбөрийг өргөжүүлж, Францад монгол хэлний сургалт, Монголд франц хэлний сургалт явуулахыг бүх талаар дэмжихээр тохиролцлоо. Үүнтэй холбогдуулан дурдахад, 1963-1964 оны хичээлийн жилд МУИС-ийн Хэл бичгийн факультетийн Гадаад хэлний тэнхимд франц хэлний багш-орчуулагчийн ангийг нээж франц хэлийг анхлан зааж эхэлснээс хойш 60 жил өнгөрчээ.


Тунхаглалд мөн кино урлагийн салбарт хамтарсан уран бүтээл гаргах, аялал жуулчлалын салбарыг дэмжих үүднээс Монгол, Францын хооронд шууд нислэгтэй болох тухай асуудлуудыг дурдсан байна.

 

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макронд бараалхлаа.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй урт, дунд хугацааны хөгжлийн зорилтууд, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар Францын Ерөнхийлөгчид товч танилцуулж, Монголын түүхий эдийн баялаг нөөцийг Францын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологи, ноу-хау, инновацтай хослуулснаар харилцан ашигтай хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжтой гэдгийг онцлон дурдлаа.


Айлчлалын төгсгөлд эрхэм зочин "Чингис хаан" музей үзэж сонирхоод эх орондоо буцлаа.

Холбоотой мэдээ