ГУРВАН БҮРДИЙН ГЭРЭЛ ЗУРГУУД

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2022-02-22 18:14:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 


Өвс үзүүрээсээ уруудан гандаж цэлийсэн ногоон тал нутаг шаргал өнгөөр хаяа тэлэн долгио татуулах бүрт уйтгар төрдөг араншин бага наснаас минь үүдэлтэй. Намар болохоор цэцэрлэгтээ явна, сургуульд орно гэх үгс намайг ер баярлуулж байсан удаагүй. Аав ээж, адуу малынхаа захаас холдож алс бөглүүхэн сумын төвөө зорино гэхээр л уйлж байгаад ч хамаагүй гэртээ үлдчихмээр санагддаг байж билээ. Тэгэхэд аавын хамгийн бага дүү нь эгч бид хоёрыг цагаан өнгийн фургон машинаар хааяа зөөдөг байсан сан. Машинаасаа морь нь олон, суудлын тэрэгний бүрээс өнгөлөхөөс илүү эмээлийн хяр гоёж суудаг харчуултай байсан үе. Ах хэзээ ирж эгч бид хоёрыг авах нь андашгүй. Учир нь ээж гэрийн гадна төмпөнд ус хийгээд тоос шороо, морины хөлстэй холилдсон хувцаснуудыг маань хөөсөртөл савандаж бүтэн өдөржин юм угаана. Маргааш өдрийн аль нэг цагт нь машины дуу хүнгэнэж ах биднийг сургуульд хүргэхээр ирнэ. Гэхдээ өгүүлэх зүйлс маань сургуульд хэрхэн хүргүүлдэг тухай биш л дээ. Гол нь биднийг ирж авдаг тэр ахын тухай юм.


Би ээжид аль болох сургуульдаа явах өдрийг хэдэн хоногоор хойшлуулж өгөхийг гуйн, усанд орохгүй зэргээр цааргалж байвч Тайвнаа ах “Яагаад сургуульдаа явахгүй байгаа билээ, Хуягаа” гэж ирээд л эвгүйхэн өнгөөр хэдхэн үг хэлэхэд нь чимээгүйхэн машинд ороод суучихдаг байв. Тэгэхэд ах “Сургуульдаа явахгүй бол болохгүй. Ах нь гоё зураг авч өгнө өө” гэх нь тэр. Би ч уг үгэнд хөөрөөд урамтай нь аргагүй сумын төвийг зорьсон минь гарын таван хуруунд багтахаар цөөхөн. Гэвч цаг хугацаа юмсыг хөгшрөл тийш хөтөлж, голын дээгүүр сунайн тогтсон, будгийг нь дөнгөж сэргээсэн хөх модон гүүр хэдэн жилийн намрын салхинд бор хүрэн биеийг олж, зэрэглээнд үрчилзэн үзэгдэх шиг бид ч бас элэгдсээр амуй. Бие махбод ийн элээгдэх нь жам ёсных бөгөөд гагцхүү оюун ухаан амьд байж улиран одох он жилүүдээс үлдсэн, санахын төдийд дэргэдээс ургадаг дурсамжууд л цагийн урсгалд мөлийдөггүй буюу. Зарим нь тод, зарим нь бүдэгхэн эсвэл ор тас мартагдчихсан дурсамжууд ч хаа нэгтээ, хэн нэгний дотор намайг урлаж, бий болгодог. Тэндээс нэгийг онцолж шүүрсэн нь энэ билээ.


Манай хамаатнууд дунд ганцхан Тайванжаргал ах л өөрийн гэсэн камертай байсан юм. Ер нь тухайн үед сумын төвд өөр гэрэл зурагчин байгаагүй болов уу гэж санадаг.  Байсан ч байж болох... Лав л миний дурсамжинд үлдээгүй. Харин Тайвнаа ах цагаан сар, шинэ жил, урлагийн наадам, хамаатнуудаараа нийлж Цагаан нуурын эрэгт хийдэг уулзалт бүрт камераа барьчихсан хүмүүсийн зургийг авч явдаг байсныг л тодхон санана.  Нэгэн орой би гэрэл зургийн альбумаа эргүүлж суугаад эгч Алтансолонго, дүү Ууганпүрэв нартай хамт авахуулсан зургаан настай үеийнхээ зургийг олсон юм. Эгч амаа хагас ангайн хэлээ булталзуулчихсан, дүү болохоор таашаагаа тулан гэдийж, эрүүгээ хагас өргөсөн байх ба тэр үед би зурган дээр үргэлж ярвайж гардаг тэр хэвээрээ л зогсож байлаа. Уг зургийг хараад тэр өдөр гутлаа чирч явсаар байгаад улыг нь ханзалчихснаа, мориноосоо буулгүйгээр амгайчилж байгаад Дунд Бүрдийн голоос усалснаа, чихрийг нь нууцаар аваад идчихснээс болж эгчийгээ уйлуулснаа, Ганболд ахын хуучны орос хөргөгчний бариулыг эвгүй татаад хугалчихснаа, түүнээс болж “Хөдөөнөөс ирсэн Хуягаа хүү, Хөрөгчний бариул хуга мушгилаа” хэмээн өөртөө зориулсан анхны шүлэгтэй болсноо саналаа. Эргэн санах гэж бодол дотуураа хэдэнтээ тэнүүчлэвч эвлэдэггүй зүүд шиг дурсамжууд ганцхан гэрэл зураг харах төдийд хуучны кино кадр мэт нүдний өмнүүр жирэлзэн өнгөрөхийг тэгж анх мэдэрсэн юм. Гол нь уг зураг хөдөлгөөнтэй, цэнхэр хашааны наана зогсох гурван хүүхэд чөлөөтэй байснаас болж дурсамж хөвөрдсөн болов уу. Тэр үед Тайвнаа ах биднийг хуучны зураг авдаг хүмүүсийн адил “таг” номхон зогсоож байгаад дарсан бол амьд чанар нь мэдрэгдэхгүй өнгөрчхөж болох байв шүү дээ. Тэгэхээр гэрэл зургаас дурсамжууд чөлөөтэй амилдаг байх нь. Өнгөрсөн цаг хугацаанд үлдсэн дурсамжийн харгуйгаар алхах хамгийн тод гэрэлтэй зам бол хуучны гэрэл зургуудаа үзэх юм байна гэдгийг ойлгов. Тиймээс л хүй тасарч эхээс унаагүй ч хөрсөн дээр нь бойжиж хүн болсон Хүрдтийн Гурвын Бүрдийн хар цагаан гэрэл зургуудыг өмнөө дэлгэж суугаад түүнийг бүтээгчийн тухай бийрлэхээр шийдсэн юм.




Өвөл надад гурван зүйлийг хамгийн тод сануулдаг байлаа. Эхэнд нь цан буусан сахал. Өвөл болохоор аавын сахал үргэлж л цантаад бууралтчихсан байдаг сан. Тэр нь яг л сургуулийн сүлд модны наадамд бэлэг гардуулдаг өвлийн өвгөнийг цаг ямагт санагдуулна. Харин нөгөө нь үхэр хэвтэш сэлгэсэн хойно ээж арагаа дүүртэл хөлдүү хүйдэс түүгээд саравчны ард аваачиж өрдөг дүр зураг юм. Ээж тийнхүү үхрийн хөлдүү баасыг хойтон жил нь түлэх түлш болгон зэхэхдээ яг л уран барилга барьж буй мэт дөрвөлжин өнцөг гаргаж дээр дээрээс нь давхарлан өрдөг байлаа. Ингэж хэвэнд тааруулж гадна талд хана үүсгэх мэтээр өрөөд авчихвал хаврын хүчтэй салхинд нурахгүй, зуны бороонд дотор тал нь хуурай хэвээр үлддэг юм гэнэ. Адаглаад л үхэр мал шөргөөж, хонь ямаа дээр нь гарахад нурж бутраад үйрчихгүй шүү дээ гэж захина. Бүр жаахан байхад минь нойтон үхрийн баасаар үүдэндээ амбаар босгоод барьчихдаг, манайх гэдэг айл үүднээсээ “пүнхийсэн” дулаан агаартай өвөлжинө. Харин гурав дах нь Тайванжаргал ахын камер байлаа. Учир нь ах цагаан сарын шинийн нэгэнд аавд золгохоор ирэх бүртээ камераараа бичлэг хийж, зураг дарна. Гэрийн хана, шалыг дүүртэл хивс дэвсэж гоёсон аавын өргөө, битүүний шөнө ээжийн бэлтгэсэн идээ, цагаагаар дүүрэн гоёмсог бүтээлгэтэй баярын ширээ, хадаг дэлгэн мэндчилж, хөөрөг зөрүүлж тамхилах олны халуун дулаан яриа, халуун бууцанд унасан нялх төлийн дуу, газар дэлхийг хучсан цав цагаан цас, тэр л цасан дээгүүр морь унан хурдалж яваа миний бага нас бүхэн ахын минь барьж явдаг өнөөх шидэт дуранд хадгалагдаж үлдэнэ. Хожим бид Б.Буяндэлгэр ахынд хориод жилийн өмнөх тэдгээр үйл явдлыг ахын камераас үзэхдээ он цагийн төмөр чарганд сууж аваад Гурван Бүрдийн голын мөсөн дээр өдөржин гулгаж, шинийн нэгний нарыг шинэ дээлтэй угтацгааж буй малчны хотоор зочлоод ирсэн юм. Арван дөрөвтэй байх үеийнхээ цагаан сарын шинэдээр Тайвнаа ахын камерыг өөрт нь хэлэлгүй барьж аваад цас унасан их хөндийн зүг хандуулан байж анх удаа шагайвраар нь харж үзэв. Жижигхэн нүхэнд нь бүхий л зүйлс тодхон харагдаж цасан нөмрөгтэй өндөр уулс, тэртээ хөндийд бэлчээрлэн яваа мал сүрэг, айлуудын өвөлжөө, бөмбөн цагаан гэрүүд бүгд нэг дор багтчихсаныг үзээд ёстой л ид шидтэй дуран байна даа гэж бодов. Тэгтэл ч Тайвнаа ах камерт нь асуулгүй хүрсэнд зэмлэж, ахиад надад гоё зураг авч өгөхөө болилоо хэмээн айлгав. Хэсэг хугацааны дараа тайвширч аваад камераа гарт минь бариулж “Уяатай морьдынхоо зургийг нэг буулгачих, ах нь харъя. Энэ жижигхэн хар товчлуур дээр дардаг юм шүү” гэлээ. Би ч урамтай нь аргагүй шагайж байгаад өнөөх хар товчлуурыг нь хоёр удаа шожигнотол дарав. Ах миний зургийг ихэд “За ах нь дүүгээ том болохоор нь камер авч өгнөө” гэж билээ. Өдгөө би том болчихсон, ах минь харин надад камераа авч өгөөгүй л явна. Үнэндээ өдийд мартчихсан байгаа гэдгийг нь мэднэ л дээ. Гол нь өгөөгүй яваа энэ өр л ахын камертай байсан үеийн зарим дурсамжуудыг дотор минь амьд хэвээр байлгаж, өглөө нь ажилдаа яарч, орой нь гэртээ харьдаг завгүй амьдралын хэмнэл дунд ахыгаа дурсах боломжийг олгодог байж ч мэднэ. Ямартаа ч би тэгж л анх удаа ахаас өөр хүн барьж явааг нь хараагүй шидэт дурангаар зураг дарсан юм.




Үүнээс хойш олон жилийн дараа Тайванжаргал ах сумын сургуулийн захирал болсон дуулдав. Дараа нь сумынхаа засаг дарга болов. Дайснууд нь нөхөр мэт болж, нөхөд нь дайсан мэт авирлах хүмүүсийн хар цагаан яриан дундуур тэр хүн цэх туучаад л гарсан. “Хүн аль зэлний унага гэдгээ мартаж болдоггүй юм” гэж аав минь захидаг байв. Ах минь харин энэ үгийг үргэлж санаж явдаг нэгэн. Элгэн нутагтаа хайртай хүүгийн сэтгэлийг үйл хөдлөл, үйлс хөдөлмөрөөрөө харуулсан юм. Гэвч энэ сэтгэлийнхээ хариуд нутгийнх нь хөрсийг сэндийлж, олсон олзоо урагш гаргадаг хэсэг бүлэг хүмүүстэй таарч нүдэндээ чулуугаар цохиулчихаад үхлүүт хэвтэж байсан ч удаатай. Нэгэн удаа аавын удаах дүү нарын нэг болох Цэрэнбал эгчийнд сууж байтал Тайвнаа ах ороод ирэв. Нэг нь нүд нь хөхөрч, цөцгийнх цагаан өнгө үзэгдэхгүй болтлоо улаан цус хуржээ. Учрыг нь лавлатал “Яах вэ, ийм л юм болчихлоо” гэж хэлээд санаа алдан буйдан дээр суув. Ахыг урьд ер нь хэнгэнэтэл санаа алдаад аливаа нэгийг бодлогоширч байсныг анх удаа харахад дотор минь гэнэт хөндүүр оргихыг мэдэрч билээ. Тайвнаа ахыг нүдний хагалгаанд орох үеэр цаг явж өгөхгүй, зүү нь шүлэг, зохиол дээр гардаг шиг өнө мөнхийн ганц хормыг заагаад зогсчихсон мэт болов. Хүний амь бөх хэмээх нь бий ч зарим үед хутганы ир дээр тавиад үлээхэд тасарчих улаан утасны дайтай болохоор тэдгээр хором мөчүүдэд юу эсийг бодмоглох билээ. Эцэст нь хагалгаа амжилттай болж хүн бүхэн уужим амьсгал авахтайгаа болов. Хожим сонсоход ийм зүйл өрнөсөн юм билээ.


Ах тэр өдөр нутгийнх нь нэг ахмад настан хадан гэрээ зорьсон тул ажил явдалд нь оролцохоор жолоочтойгоо хоёулахнаа явжээ. Энэ үед Батноров суманд хөрсний өнгөн талыг сэндийчиж чулуу ухах явдал газар аваад байв. Нутгийн зарим иргэд ч нууцаар уг ажилд оролцож тэдгээр хөрсний ус чийгийг хадгалдаг гоёмсог чулууд хятад наймаачдын гараар орж харийн хөрсөнд шингэх нь шингээд зарим нь гоёл зүүлт, энгэрийн чимэглэл болон буцаад монгол хүмүүст өндөр үнээр зарагдсан юм. Ах минь айл руу явах замдаа зөвшөөрөлгүй, хулгайн замаар чулуу ухаж буй өөр нутгийн хүмүүстэй таарчихжээ. Мэдээж сумын засаг дарга хүний хувьд энэ газар нутагт зөвшөөрөлгүй газар ухаж болохгүй гэж хэлэхэд нь өнөөх чулуу ухагчид нийлэн зодож, нэг нь ирмэгтэй том чулуу шүүрч аваад ахын нэг нүд рүү цохичихжээ. Тархи нь дүйнгэтэж, нүүрнийхээ талыг тагласан алганых нь завсраар хүрэн улаан цус садарч, газарт тэрийн ойчих нь тэр. Гэтэл чулуу ухагчид сандарч тэвдэн, хүний амь ч хайхарсангүй, ухаан алдаад уначихсан ахыг минь нийлээд таарсан газраа өчиглөж гарав. Жолооч нь энэ үед ганц хоёр хүнийг татаж чангаан зайлуулж дөнгөхөд нөгөө талд ахыг минь зургаа, долоон хүн нийлээд өшигчиж, зарим нь бүр “Одоо нэг мөсөн дуусгачихъя” хэмээж байв. Тэгэхэд ахын минь бодол дотуур Гурван Бүрдийн уснаа өнгөрүүлсэн аж төрөхүй нь гэрэл зургийн хар цагаан хальс шиг жирэлзэж байсан гэдэг. Уул усны эзэн, лус савдаг бий гэдэгт, залбирч явахад заяа буян түшдэг хэмээдэгт би итгэдэг. Ах минь ч басхүү энэ итгэлээр аврагдаж, өндийсөн болов уу гэж боддог. Тухайн үед нутгийнх нь зарим хүмүүс “Өөрөө очиж хэрүүл өдөө биз”, “Түүн шиг омогтой хүн...” гэх зэргээр аяглаж л байв. Гэтэл харь газрын тонуулчид ирчихээд өвөлжөө бууцных нь энгэрийг малтаж суувал нутгийн нэг хоньчин хүрч очоод асууж лавлаж, зөвшөөрөлгүй бол хориг тавих нь хэн бүхэнд ойлгомжтой асуудал шүү дээ. Элдэв тохиол, эргээд зугтчихаж боломгүй олон учралтай бид нүүр тулдаг. Элгэн нутаг, ээж аавдаа хайртай хүүгийн сэтгэлд эр зориг бий цагт тийм л учралуудтай эрслэн тулж, цэх туучаад гардаг нь хатуу үнэн. Аливаад хэн нэгний төлөө, хүнд хэрэгтэй, ашигтай байх ёстой гэсэн байрь сууринаас хандахаас илүүтэй жинхэнэ үнэн байхын үнэ цэнийг орлох зүйл үгүй гэж санана.




Цан цохисон цонхны тавцан дээр танд бэлэглэхээр зэхэж тавьсан Д.Норовын “Тэжээвэр” тэргүүт шилмэл зохиолын түүвэр байна. Ах минь үнэн байсан, ядаж л хичээсэн гэж бодном. Таны авсан гэрэл зургууд, анх гарт минь камер атгуулсан мөчийг өвлийн бүүдгэр өдрүүдийн нэгэнд дурсан санахдаа энэ бүхнийг бийрлэж сууна. Өдгөө Гурван бүрд мөсөнд тэнгэр зүсээ тольдож, талын жавар тачигнасан үүрээр эртлэн боссон адуучин эрс уурганыхаа цанг сэгсэрч зогсоо биз ээ. Хунгар цас цөмчин туучих адууны төвөргөөн, хамар нь сарталзах тоолон халуун уур савсах морьдын амьсгал, дөрвөн туурайн дор бургинаж үлдэх цасны ширхгүүд, унаж яваа морь хааяа нэг хангинатал үүрсэх нь өвлийн аниргүй талд хуур татах шиг болдог амгалан хөдөөгөө ах минь цээжин дотроо хадгалсаар яваа. “Ах нь ажлаа өглөө. Гэхдээ зүгээр амарч суухгүй ээ. Хэрэгтэй үед нь нутагт орныхоо ажилд тусладаг хүү хэвээрээ байна. Хүн аль зэлний унага вэ гэдгээ мартаж болохгүй шүү дээ. Тийм ээ, миний дүү” хэмээж байсныг тань санав. Энэ үг хэзээд, хэнээс ч сонссон үнэн байдаг. 

Холбоотой мэдээ