ААВААС ҮЛДСЭН ӨВЛИЙН ДУРСАМЖУУД

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2021-12-31 14:33:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 


|өмнөтгөлийн оронд хэмээх дурсамж|


***

Аав, ээж хоёр минь малаа хотлуулчхаад орж ирэв. “Энэ өвөл ч цас их унах бололтой шүү, саравчны арын хунгарыг ээ! Нимгэн хэсгээр нь жим гаргахгүй бол аргал авчрахад төвөгтэй болжээ” гэж ээж үглэнэ. Аав тэгэхэд над руу харж инээмсэглэснээ “Энэ гэрт хоёр эр хүн байхад өглөө сэрэхээс чинь өмнө толийтол цэвэрлээд тавьчихалгүй яахав, тийм ээ” гэв.  Харин эгч “Орой гаргасан мөрийг минь маргааш өглөө нь юу ч үгүй болтол цас дарчихсан байдаг. Ер нь цас ороод л байна, та хоёр цэвэрлээд л байна. Хэзээ өвөл дуусна даа” гээд аав, ээж хоёр луу ээлжлэн асуусан харцаар ширтлээ. Тэр үед ээж “Юухан байхав дээ, нэг л мэдэхэд цас ханзарч, цаг уясаад ирнэ” гэснээ хормойлж ирсэн түлээний үлдэгдэл бууцыг аргалын авдарт унагаад гадагш гарав. Гутлынх нь уланд цас чахрах чимээ тодхон дуулдахуйд ээж хашааны хаахна явааг төвөггүй мэдэж болохоор билээ. Төдөлгүй хаалга нээгдмэц хоолны тогоог, өнгөрсөн жил өөрийн урласан эрхий хурууны хар ноосон бээлийгээр жийрэглэн барьсаар орж ирээд зуухны тагийг авч тавиад дотор нь ус хийв. Тэгтэл аав “Өө, ус хийгээд яахав. За нэгэнт хийчихсэн юм чинь халсных нь хойно юүлээд авчих. Тэгээд хэдүүлээ сайхан мах шараад идчих үү дээ” гэв. Ээж харин аав руу нууцхан нүд ирмэснээ “Бал аа, чи чингэлэг рүүгээ яваад ирээч” гэчхээд зуухны ам руу аргал шидлэнэ. Аав чингэлэг яваад удаж, удаж хоёр дөрвөлжин цаасан хайрцагтай, мөн урт нарийн уутанд хийж амсрыг нь би лав тайлж дөнгөхөөргүй болтол уяж бөхөлсөн зүйлс оруулж ирэх нь тэр. Тэгснээ “За миний хөгшин, хоёулаа хүүхдүүддээ “ёолк”-ыг нь засаж өгөх үү дээ” гэлээ. Ээж авдар дээрх юмнуудаа зайчилж байгаад гурван талт толины өмнө жижигхэн гацуурын модыг угсарна. Авдар дээр сууринд нь байрлуулахад үзүүр нь унинд тулчихдаг жижигхэн гацуур. Мөчир дээгүүр нь ээж цагаан хөвөн нарийхан тасалж байршуулаад цас уначихсан мэт болгоно. Би ч тэсэлгүй “Ээж ээ, гаднаас цас авч ирээд тавьчихъя л даа” гэхэд эгч хажуунаас “Ээ, чи тэнэг юм уу даа. Жинхэнэ цас чинь дулаахан гэрт дороо хайлчихна шүү дээ” хэмээхэд аав, ээж минь “Энэ хоёрыг ээ” гээд чихээ хойноо гартал инээдэг сэн. Гацуурын чимэглэлүүд надад хачин гоё санагддаг байлаа. Хан боргоцой, өвлийн өвгөний таяг, цасан ширхгүүд, жижигхэн хөвөн янзага, хөөсөнцрөөр хийж, өнгийн гялгар туузаар бүрсэн бэлэгнүүд, шидэт бөмбөлгүүд гээд орос ардын үлгэрийн номонд гардаг бүхэн тэнд байх шиг санагдан. Тэр чимэглэлүүдийн цөөнгүй хэд нь миний гараар орж эд бад болсон доо.


Ээж чимэглэлүүдийг өлгөж, дээгүүр нь цагаан, ногоон хоёр өнгийн саагаар ээлжлэн ороогоод бяцхан гацуурынхаа дэргэд өвлийн өвгөн, цасан охины хамт байх шаазан баримлыг авчирч тавив. Дотуур нь оруулсан гэрлийн утсыг унь дамжуулан хавчуулж явсаар зурагтын унтраалганаас салаалсан утастай холбож залгаад ажил дуусав. Эгч бид хоёр ээжийн барьсан “ёолк”-ноос нүдээ үл салгана. Тэгэх хооронд аав хэдийн махаа шараад амжжээ. Тийнхүү дараа нь халуун цайнаас тогоондоо хийж, өглөө хайрсан гамбирыг цайнд халааж байгаад шарсан махтайгаа хамт зооглохоор болов. “Өнөөдөр арай л оройтчихлоо, ингээд аргалчих уу хөгшөөн” гэж ээж рүү харан инээмсэглэснээ “Алив, миний хүү. Хоёулаа гарч мотороо асаачхаад ирье” гээд том цагаан чийдэн гарт бариуллаа. Ээж харин “Чийдэн нь хайрна шүү, бээлийгээ өмсөөрэй” гэнэ. Аав амбаарынхаа үүдийг онгойлгоод цэнхэр өнгийн “Yamaha” моторыг ганцхан татаад л асаачхав. Тооноор гэрэл цэлсхийн тусах нь аав, ээж хоёрын минь халуун дулаан хайр л тийнхүү гэрэлтэж гялбалзаад өвлийн түнэр харанхуй шөнөөр өргөө цагаан гэрийг гийгүүлэх шиг санагдана. Гэртээ орвол ээж, эгч хоёр “ёолк”-ныхоо гэрлийг асаачхаад баясгалантай нь аргагүй угтлаа. Хүнхэлдэй уулын энгэр дэх малчны хотонд шинэ жилийн баярын сураг ингэж айлчилдаг байв. Шарсан махаа идсэний дараа аав дахиад л чингэлэг явж зайрмаг авчирна. Ээж, аав хоёр өвөл болохоор хотоос цаасан хайрцаг дүүрэн зайрмаг авчирч чингэлэгтээ хийчихдэг байж билээ. Эгч бид хоёр зайрмаг идэхийг хүсвэл аавыг л “панаалддаг сан”.


Энэ бол 2000 оны өвөл байв. Цэцэрлэгт байсан эгч бид хоёр хагас бүтэн сайны амралтаар гэртээ ирчихсэн байлаа. Удахгүй болох сургуулийн сүлд модны наадмаар өвлийн өвгөнөөс бэлэг авах хүүхдүүдийн тоонд орсон учир аав, ээж хоёр биднийг эрхлүүлэхдээ гэрт нь авчирч “ёолк” засаж өгсөн нь энэ юм. Сүлд модны наадмаар эгч цасан охин болж би арван хоёр жилийн анхан суудалд заларсан “Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг, Эрүү цагаан хулгана жил” болов. Ээж минь тайз руу гарахаас өмнө цаг үргэлж л хүүгийнхээ толгойд зүүсэн хулганын дүртэй багийг янзалж, үс гэзгийг самнаж, хувцас хунарыг гөвж, үрчлээсийг нь тэнийлгэж өгнө. Аав харин үзэгчдийн танхимд, гарах хаалганд ойрхон зогсчихсон харж байгаа болов уу гэж би дотроо бодно. “Хүүгээ л харчихвал болно доо, бусдыг нь ямар ойлгох биш” гэдэг сэн. Тоглолт өндөрлөж, эгч бид хоёр өвлийн өвөөгийн бэлэгтэй болчихсон, аав эгчийг хөтөлж, би ээжид дүүрүүлээд дөрвүүлээ Батноровын суурингийн замаар час чахруулан хөөр, баяртай нь аргагүй алхаж билээ.


***




Тэр явдлаас хойш удалгүй цагаан сарын бэлтгэл ажил эхлэв. Хүүхэд байхдаа ёстой л хуруугаа гаргаж ирээд хоног тоолон хүлээдэг байсан баяруудын нэг бол цагаан сар. Яахав дээ, хүүхэд давснаас илүү чихрэнд дуртай хойно айлаас бэлэг авах гэж тус баярыг хүлээдэг байсан нь мэдээж. Гэхдээ үүнээс илүү хөөр баяр авчирдаг нь ах, эгч нар бүгдээрээ шинэ дээлтэй нарыг угтдаг явдал байв. Ээж шинийн нэгнээс урьтаж үйл урлах ажлаа дуусгахаар олон шөнө нойргүй хононо. Тэгэхэд бид баярын эхний өдөр ээжийн урласан шинэхэн дээлээр гангарч, аав золгохоор ирсэн ах эгч нар, саахалт айлын хүүхдүүдтэй нийлж аваад цас бөмбийтөл хучсан цайдам талын дундуур нутгийн айлуудаар шинэлэхээр хамтдаа мордоцгоодог сон. Ганцаараа бол хонинд дурамжхан сажлуулдаг хүүхдүүд энэ өдөр хоорондоо уралдаж, аль болох цас ихтэй хунгарын туулж явдаг сан. Өвөл унахаар зэхсэн тарган морьдыг хэд хоногийн өмнөөс сайхан хөнгөрөөчихсөн тул ам нь халаад ирэхийн үест авч шуугичих гээд жолоогоо үе үехэн дугтчиж, хүмүүсийн дунд хөндөлсөнө. Олон хүний дунд аль болох ийм омголон морь унаж явмаар хүсэл тэгэх бүрийд улам их асдаг байж билээ.


Цагаан сарын урьд өдрүүдэд аавын талын ууган ач нь болох Г.Алтансоёмбо ах манайд ирнэ. Бид бүгд л эрвийх дэрвийхээрээ гэр орноо цэвэрлэх, хашаа хотоо янзлах ажилд идэвхийлэн оролцоно. Өглөө бүр үхрийн хөлдүүс түүж овоолох ба аав харин мал хуйгаа услахаар мордоно. Соёмбоо ах хивс, ширдэг нэг бүрийг гэрийн хойно аваачиж овоолоод шинэхэн цасан дээр дэлгэж байгаад нарийн саваа модоор цохиж тоосыг нь гөвдөг сөн. Ээж, эгч хоёр түлээ түлш бэлдэж тавилгуудаа зүглэж, гэрээ угаана. Хэнд ямар бэлэг өгөх тухай ярилцаж, хуучин сонины цаас цуглуулж хавсаа боохоор бэлтгэнэ. Би өглөө бүр морины уяаны хомоолыг цэвэрлэж, хөлдөөд газартай хамт дагтаршсаныг нь лоомоор цохиж ховхлох ба ээжийн арганд дүүргэн хийгээд хол аваачиж асгана. Үүний дараагаар өвөлжөөний урд хөтөл дээрээс малын саравч, хашаа хотын гадуур нь бөртийх ч хоггүй, малын хүйдэсгүй цэвэрхэн болсныг харахад нэн таатай байдаг сан. “Хүн ер нь гэр орноо цэвэрхэн авч явах хэрэгтэй. Гадуур нь хог новш хөглөрсөн, ажилгүй айл их муухай харагддаг” гэж аав захина. Битүүний орой болоход ээж цагаалга хийж, шинэхэн цай чанана. Дараа нь буузаа жигнэж гаргасны хойно тогоондоо цувдай хийж, аяга шар будаа цацаж буцалгаад “Нохойнуудаа эхлээд баярлуулчихъя. Тэгээд хэдүүлээ сайхан битүүлнэ ээ, алив миний хүү тотгон дээрээ гурван цас тавиад шар тос, цагаалганаас хүртээгээрэй” гэнэ. Энэ их ажлын хажуугаар бүгд л том саарал “байнанд” /дуудлагаар нь бичив/ ус халааж дүүргээд хир буртагнаасаа салж амжсан байна. Тэгээд л ээжийн урласан шинэхэн дээлээр гангарсан аав, ах хоёр хойморт хөөрөг зөрүүлэн тамхилж, зурагтаар бөх харангаа ээжийн шинэхэн цай аягалж өгөхийг хүлээн сууна. Хоёр гурван хөтлийн цайна ойрхон өвөлжих саахалт айлынхан “Бал ахындаа ирж битүүлэхгүй бол болохгүй” хэмээсээр орж ирцгээнэ. Аав ч “Оюунаа, миний хөгшин наад ажлаа одоо орхичихгүй юу даа, нааш суу, хамтдаа цайгаа ууцгаая” гэнэ. Хөдөөний хүмүүсийн амсхийх зав олддоггүй их ажлын чөлөөнд ийнхүү цас бургинах хаврын тэргүүн сарын өмнөх орой халуун ам бүлээрээ ширээ тойрон сууцгааж зоог барина. Аав хоолны дээж, идээ шүүснээсээ эхлээд бурханд тавьж дууссаны хойно сая нэг ам хүрцгээж, давс хужир нь хэрхэн таарсан талаар ярилцана. Одод тэнгэртэй алмааз адил тод гэрэлтэж, Хүнхэлдэй хайрхан наамал зураг шиг харлан хүнхийгээд хөмөрсөн цагаан шаазан шиг гэрээс утаа суунаглаж, тоонын завсраар харанхуй өөд туяарах гэрэл нь дотор суугаа халуун дулаан ам бүлийн хөөр баярыг илтгэх шиг болно.


Маргааш өглөө нь ээж цайгаа чанаад наранд дээжийг нь өргөчихсөн, аав хэдийн адуугаа гаднаа хураачихсан үзэгдэнэ. Эгч бид хоёр Соёмбоо ахтай хамжиж хүйдсээ авч, хонины ноос хамж хотоо цэвэрлэчхээд гэрт орно. Тийнхүү шинэхэн дээлээ өмсөж, шарга халзан мориндоо эмээлээ тохоод ах бид хоёр аавын хамт ааруул, ээзгий, будаа, арц хүж, хадаг өвөртөлсөөр Хүнхэлдэй уулын оройд гарч шинийн нэгний наран тэртээ дорно зүгээс мандахыг үзнэ. Аав арц уугиулж, уулын оройн овоонд хадаг тавьсны хойно бүгд овоогоо морьтой гурав тойрон марзайлж буудаг сан. Дараа нь гэртээ орж аав, ээж, ах, эгчдээ үнсүүлж золгочхоод цайгаа уусны хойно хамгийн эхний бэлгийг ээжээсээ авна.


Нэг л мэдэхэд би шарга халзан мориныхоо нуруунд дарцаглаж, аав, эгч хоёрын өмнө давхиулж явдаг сан. Айлчин гийчид ирвэл гэрт хүнгүй байж болохгүй тул Соёмбоо ах, ээж хоёр эхний ээлжинд гэрээ харж үлдсэн хэрэг. Харин бид гурав эмээд очиж золгохоор арав гаруй километрийн цаана байх Г.Бадамсүрэн ахын өвөлжөөг зорьж яваа билээ. Аав минь дээрээ хоёр эгчтэй, дороо харин олон дүүтэй хүн. Хоёр том эгч нь хотод байх тул нутагтаа байгаа хамгийн том ах нь гэсэн үг. Тиймээс ээждээ золгохоор хоёр ачийг нь дагуулаад морины туураар хөр цас бутарган яваа нь энэ. Өвлийн нар илч муутай ч салхигүй тогтуун тийм өдрүүдэд морин дээр явахад өөрийн эрхгүй халууцдаг сан. Ээж “Сайн дулаалж яваарай” гэж захисан хэдий ч би аль хэдийн ороолт, малгайгаа аваад өвөртөлчихсөн байна. Очих газраа мэдэх тул аав, эгч хоёрт гүйцэгдэлгүй явсаар тэднээс саахалтын зайтай тасран түрүүлж эмээгийнд хүрдэг сэн. Гэхдээ түрүүлж орохгүй, уяан дээр буугаад аав, эгч хоёрыг хүлээнэ.


Аав намайг өргөж буулгаснаа “Миний хүү чинь хацраа хөлдөөчихсөн байна шүү дээ, за алив цаасаар сайтар үрээд ороорой” гэв. Нөгөө их халууцаж хөлрөөд явсан баатар маань хоёр хацраа хөлдөөж, чихнийхээ үзүүрийг хайруулчихсан байх нь тэр. Н.Оросоо эмээ эвийлэн үнсэж, “Тэгнэ ээ тэгнэ. Ганцаараа түрүүлээд л давхиа байлгүй” гэж зэмлэнгүй аядсанаа “Алив тэр баавгайн тос, хоромхон байна уу? Жаахан түрхсэн нь дээр байх. Эмээдээ яарч байж хацар, чихнээсээ салах дөхөж шүү дээ” гэж халаглана.. Ингээд хоёр дахь шинэлгээ өндөрлөв. Харин буцахад аавын дүү нар нийлээд бүр ч олуулаа болж, би ч өвлийн морин уралдааны энэ замд хөлдсөн хацар хорсохыг юман чинээ тоолгүй, бүр мартчихсан байдаг сан. Ээж “Хэлээд байхад үгэнд орохгүй” гэснээ аав, эмээ хоёр анхны түргэн тусламж яаралтай авчихсаныг сонсуут санаа зовнихоо түр азнана. Харин бээлийгүй байхад л жолоо атгасан гар хөлдөж байгаагүйг бодоход ээжийн хийсэн хурган дотортой дээлийн нудрага хэчнээн дулаахан байсныг эргэн санахад таатай. Заримдаа шинийн нэгний хотонд үхэр тугаллана. Цасан дундаас дэрс сугсалзаж үлдсэн хөндийд гүү унагалах явдал ч тохионо. Ууган унага, ууган тугал мэндэлж аав, ээж хоёрын сэтгэлд сайн сайхан аж төрөхүйн гэрэл цэлийтэл тусна.


***




Нэгэн өвөл айхтар их цас унаж, зуд турхан нүүрлээд үхэр дотроос том шар нь ч өеөдөн унаж, адуун сүргийн тарган азрага ч сөгдөж байсан билээ. Тэгэхэд би дөрөв юм уу таван настай л байсан болов уу. Ихэнхдээ хуудас дүүрэн дурсамжийн дэвтрийн хэсэг бусагхан тасархай шиг дурсамжууд сэтгэлд хааяахан тод санагддаг. Хоёр гэрийн хооронд ханын толгойноос өдөр хунгар тогтосноос гадна саравчны арын хунгарыг өглөө бүр арилгасан ч хүчрэхээргүй өндөрссөөр байлаа. Зарим айлын хаалга үл нээгдэж, томчууд нь тооноороо гарах болов. Үүдний цасыг ухахаас илүүтэй малдаа зам гаргах ажилд шамдана. Тэртээ доод хөндий, уулын энгэр бэл рүү цасан хунгарыг өдөржин ухаж байж зам гаргаад түүгээр малаа бэлчээдэг байв. Өглөө гарсан сүрэг үдэш хотлоход тоо нь заавал дутна. Бэлчээртээ хүртэл мал осгосон хүйтэн өвлийг түүнээс хойш хараагүй санагдана. Харахсан гэж хүсэх ч үгүй. Зарим том эр үхрүүд хотон дотроо сөгдөн унаж, айл саахалтын хүмүүс аавтай нийлж суран бугуйл дөрвөн мөчөөр нь тэгнүүлдэн өргөж босгох авч хэдэн минут зогсозносноо буцаад л хэвтчихнэ. Өвс идэхгүй, ус уухгүй хэд хоносноо нэг л өглөө хөлдчихсөн байна. Тэгээд гүвээний цаана байх жалганд аваачиж хаях болдог сон. Тэр жил уг жалга осгосон малын сэгээр дүүрч хээрийн боохой, хотны ноход л гэдэс цатгалан өвөлжиж билээ. Осгож буй мал харах бүрийд ээжийн нулимс сул асгарч, аав яахаа үл мэдэн санаа алдаж халуун амьсгал түрэвч сахалд нь тогтсон мөс үл арилна.


Нүд нь хараатай, завьжнийх нь завсраар хэл нь бултайсан, хөл гар нь тэрий хадан хөлдсөн үхэр, хонь, адууны сэгээр дүүрэн жалгын энгэрээр нэг удаа аав намайг хөтөлж явсныг тодхон санадаг. Магадгүй осгосон мал аваачиж хаяхаа явахад нь би дагасан юм байлгүй. Үнэндээ их тод санагддаг ч заримдаа зүгээр хэт төсөөлөн бодсоноос үүдэн гарсан дүр зураг ч юм билүү гэж бодно. Ямартаа ч тэр л үед аавд зэмлүүлээгүй, ээжид загнуулаагүй, айлын хүүхдэд шоглуулаагүй, хэн нэгэнтэй муудалцаж шаралхаагүй атал өөрийн эрхгүй уйлчихаж билээ. Аав намайг харснаа “Миний хүү яагаад уйлав” гэж хэлээд бээлийгээ тайлан нулимс арчихад гар нь мөс шиг л хүйтэн байсан сан. Миний нулимс ч мөн аавын эрхийд шингэх хувьгүй шуудхан л хацар дээр хөлдчихсөн мэт санагдаж билээ. Тэгээд уйлагнасан хэвээр ээрч, гацан байж “Би өрөвдөөд байна” гэж аавд хэлэв. “Юуг тэр вэ миний хүү” гэхэд нь “Энэ үхэр, хонь ямаануудыг” гэлээ. Аав тэгэхэд намайг өргөж хүзүүн дээрээ суулгаснаа “Малд хайртай байна гэдэг сайн хэрэг. Нэгэнт дотроосоо осгочихсон малыг аав, ээж нь даанч эмчилж чадахгүй юм  даа. Гэхдээ миний хүү хүйтнийг ч тэр, өвлийг ч тэр муухайгаар санаж болохгүй шүү” гэж билээ. “Та ядарчихна, аав аа би буугаад гүйчихье ээ”...


Урд байх цасан гүвээг даваад гэрийнхээ зүг алхаж явлаа. Аав морио хөтөлчихсөн, над руу хараад инээмсэглэнэ. Нүдэнд нь торсон гуниг арилж, зуд эхэлснээс хойш анх удаа аавынхаа инээмсэглэхийг үзэж билээ. Аав минь нэг их инээгээд байдаг хүн биш л дээ. Гэхдээ нүүрэнд нь баярын оч тодрох нь огтоос андашгүй. Болсон явдлаас хойших нэгэн өвөл эгч бид хоёрын хөтлөөд цэцэрлэгт хүргэж өгөхөө явахдаа мөн тийнхүү инээмсэглэсэн юмдаг. Эгч бид хоёр сумын төвд ээжийн том эгч Б.Хатантөмөрийн нөхөр болох Ө.Ганболд ахынд суудаг байлаа. Нэг өглөө сэртэл Ганболд ах хүнтэй дүнгэр дангар ярилцан тамхины утаагаа баагиулж зогсоно. Тэгснээ “За тээр, манай дэггүй шар аавынхаа ирснийг мэдээд дуудуулахгүй сэрчихлээ шүү” гэх нь тэр. Босоод иртэл аав минь ирчихсэн, цонхны хажууд байрлах ширээний дэргэд суугаад дүнсэн тамхи улалзуулан сорж, эсгийн гутлынхаа зулган дээр гаансны толгойгоо цохих нь үзэгдэнэ. Дараа нь эгч бид хоёрыг цэцэрлэгт хүргэж өгөхөөр явлаа. Гадаа цасаар шуурч байв. Малгайгаа сайн дарж өмсөхгүй л бол өвлийн хүйтэн салхи дух янгинуулж, баглалгүй үлдсэн нүцгэн газар байвал хайрч тас шилбүүрдэн улина. Гэтэл миний ороолт хийсээд уначихав. Аав түүнийг хэрхэн ухасхийн барьж авсныг би мартдаггүй. Харин яг дүрслээд бичих гэхээр нэг л болж өгдөггүй юм. Ямартаа ч ороолтыг маань буцааж зүүж өгөхдөө “Аав нь муу хүүгээ ганц удаа цэцэрлэгт нь хүргэж өглөө. Тэгээд дээрийн цагаан сарынх шиг хацрыг нь хөлдөөчихөв ээжид нь юу гэхэв” гэсээр цасан шуурган уухиран исгэрч байхад нүдээ жартайлгаад дахин нэг инээмсэглэсэн юм даа.


***




Нэгэн удаа Зүүн бүсийн хурдан морьдын уралдаан болов. Манай морь олон наадамд уралдчихсан тамир нь жаахан татуу байсан хэрэг л дээ. Гээд яахав уяа сойлго нь бүрэн, унд хоол таарсан хойно ямар ч уяач хүн барианы зурхай дээр аваад үлдэхгүй хойно. Аав намайг “Морио ингэж уралдаарай, тэгж давхиулаарай” мэтийн үгс яншиж, захидаггүй байлаа. “Өөрөө мэдээд уралдана биз ээ, явахгүй бол хүчлээд яахав татчихгүй юу даа. Ергүүлж, цогиулаад хүрээд ирээрэй” гэдэг сэн. Би ч “За” л гэнэ. Аав тэгэх бүрийд “Дуулгавартай хүүтэй байх амар юм. Харин малгай ороолтой битгий тайлаарай. Хацраа дахиад хайрчихав” гэнэ. Би хэлсэн бүгдийг нь биелүүлж байсан удаагүй. Ер нь гарааны зурхай дээрээс эргэсэн л бол бусдын хэлсэн үгийг санаж, захиас биелүүлнэ гэдэг бэрх болохыг хурдан морины унаач явсан хүүхэд бүр мэднэ. Нойтон шороо нүүр өөд гуядаж, хажуугийн хүүхдийн ташуур тас няс хийхэд хурдхан салхин талд гарч мориныхоо ам хамрыг шороонд бөглүүлэхгүйг хичээнэ. Өвлийн уралдааны давуутай нь тоос босож нүд халхлахгүй ч нойтон шороо нүүр лүү гуядах л хэцүү сэн. Гэхдээ тэгээд морины ард яваад байна гэж үгүй, зурхайгаас эргэхэд л болдог үзэгдэл. За ингээд нэгэнт уужимхан амьсгалаад, салхинд гараад авчихсан бол газрын альхан талд хүрээд морио явуулах, хаана жаахан амраах зэрэг нарийн ажлуудыг дотроо төлөвлөж эхлэнэ. Дээр нь морио суулгалгүйгээр амыг нь дундаж тааруулан барьж явахгүй бол цас шороотой холилдож дагтаршсан замд хальтрах нь элбэг. Болбол замаар орохгүй байсан нь дээр. Ийнхүү явахад хэн нэгний захиас хэнхдэг дотроос үргэчихсэн байх нь лавтай. Тэр өвлийн уралдаанд газар, газрын олон хурд ирсэн бөгөөд манай сумаас аавын саарал халзан морь л айргийн гуравт хурдалсан юм. Аав минь хүүгээ үнсэж буулгаад “Хүүгийнхээ үгэнд орж, морио мордуулсан нь сайн боллоо. Одоо ч хэн хэнийгээ гэхэв, хоёулаа л уяач болж дээ” гэж билээ. Аав тэгж намайг өөртэйгөө нэг зиндаад хүргэж тавьсан сан. Өөрийнх нь үргэлжлэл гэдгийг ойлгуулж, сайн уяач болвол миний хүү чадна даа гэж далдуур хүсэж байх шиг болж билээ.


Энэ явдлын дараахан өвлийн сарууд дууссан ч өвөлжөөнөөс манайх нүүгээгүй байсан цаг. Хааяахан цас будрах ч ихэвчлэн газарт буугаад л хайлчихна. Тэр өдөр аав, ээж хоёр эгчийн хамт мал махлахаар сумын төв рүү явсан юм. Би хоёр ахынхаа хамт гэртээ үлдэв ээ. Үнийн өмнөхөн нар зуны өглөөнийх шиг хурцаар ээгээд адуун дээр очтол гүү унагалчихсан байв. Бид ч малаа усалж дуусаад гэрт орж цай цүү боллоо. Гэтэл ойр ойрхон хуй дэгдэж, шороогоор нүдэж байснаа бүр шуурч эхлэв. Ах бид хоёр мориндоо мордоод хонио орхисон газар луу ум хумгүй давхиулав. Тэнгэр газар нийлэн хуйларч, алсын зайны юмс харагдахгүй болоод булигар түрийтэй гутлын цаанаас шороо нүдэн шилбэ хорсгож байлаа. Баримжаагаар цаг гаруй шороон шуурган дундуур давхиулсны эцэст саахалт айлийнхаар орж, хүүхдийг нь дайчлаад гурвуул болоод авав. Тийн явсаар шуурганд уруудчихсан хонио айлийн хуучин өвөлжөөн дээр хэвтэж байхыг олов. Тэнд хашаа үгүй тул шуурга сөргүүлэн туухаар боллоо. Морь эргэж хургаад, хонь ямаад бөөгнөрөн зогсоод газар хороох юм биш. Ах саахалтын хүүхэдтэй хамт явган туухаар болж морио чөдөрлөж орхиод, харин намайг гэр лүү явж өвсний хашаанд байсан хэдэн тугалаа хашихыг даалгав. Мориныхоо дээлэнд нүүрээ наачхаад алхуулсаар явж, арайхан өмнөх хөтлийг даваад өвөлжөө рүүгээ бууж ирлээ. Хойно нь Хүнхэлдэй хайрхан нөмөрлөх тул өвөлжөөнд шороон шуурга намдаж алсын юмс харагдахтайгаа болно. Хашаа рүүгээ давхиулж хүрвэл хэдэн тугал алга, ганцхан ээжийн сүүтэй улаан халзан үнээний тугал үлджээ. Тэгтэл гэрт үлдсэн том ах гарч ирснээ “Юу вэ, наад нүүр ам чинь, халтайсан юм” гээд шоолж инээх нь тэр. “Та урагшаа даваад үзэхгүй юу, шороогоор битүү шуурч байна. Амьсгалах ч арга алга. Хэдэн хонио ч олсонгүй” гэж хэлчихээд нөгөө тугалаа арайхийн хашиж амжив. Ганцаараа тугал зугтчих гээд горьгүй байлаа. Гэртээ ортол ах алга, мордоод явчихжээ. “За баларлаа, хонио эрэхээр явж. Дэмий худлаа хэллээ” гэсээр сууж байтал урд хөтлөөр хонь туусан ах, саахалтын хүүтэй гарч ирэх нь харагдав. Тосоод гүйж явтал том ах маань ч хэдэн тугалаа туугаад ирж байна. “Та хаанаас эднийг олов” гэтэл “За ёстой хонь олно гэж байхгүй юм байна аа, харин хэдэн тугал маань халтайтал уйлсан хүүхдүүд шиг нүүр нь ам нь шороо болчихсон явж байна” гэсээр өнөөх хошин зангаа тавьсангүй хариулж байна. “Хонио олсоон, ах саахалтын хүүтэй цуг туугаад ирж байна” гэв. Биднийг ийнхүү хонь малаа хашиж, уяан дээрх морьдоо саравчинд оруулчихаад гарч ирэхэд цасан шуурга эхэлж билээ. Тэгтэл сумын төв явсан аав, ээж, эгч гурав машинтайгаа гэрийн урд зогсож байснаа цааш хөдлөх нь тэр. “Аав аа” хэмээн дуудсаар гүйж хүрэв. Аав цонхоо буулгаснаа “Ээ, элий минь гэж... Ашгүй дээ, уяан дээр нэг ч морь байхгүй болохоор нь сандарлаа шүү. Ах нар нь байгаа юу? Ямар их айв даа” гээд л нүднийх нь аяганд нулимс дүүрээд ирж билээ. Аавынхаа айдсыг тэгэхэд л олж харсан сан. Цээжинд харуусал төрөхөд нулимс хэчнээн ойрхон байдгийг, нүдний аяга дүүргэх төдий гэдэг нулимс үнэндээ тэр жилийн зуднаар орсон цас шиг хэмжээгүй их болохыг таньсан юм.


Уурга барьсан гартаа бээлий өмсөөгүй, унасан морио тархи руу нь ороолгоогүй миний аав. Гараад ирэх хооронд сахал нь мөстчихдөг, гараас минь хөтлөөд уяа руугаа алхахдаа жаргалтай болдог миний аав. Дээлэнд нь багтаад хонож үзсэн, дээврийн цас хамтдаа унагаж явсан, үүрээр адуунд дагуулаад морддог байсан, үнэгчилж нойрсохуйд сахал нь ирвэгнүүлээд үнэрлэж байгаа нь мэдрэгддэг байсан миний аав. Хамтдаа олон өвлийг үдэж морь уургалсан, хамтдаа олон зуны наадамд морио сойсон. Энгэрээс нь баяр, гуниг хосолж үнэртдэг, эрдүү хоолойнх нь зандрах дуунаар үеийн хүүхдүүд навтгасхийдэг байсан миний аав. Өвөлтэй хамт, өвлийн бургинах цаснаар өр зүрхний дотор дулаахан дурсамжтай цуг дандаа оршин байдаг миний аав. Амьдрал таныг нэгэн өвөл дахин эхлэхээс урьтаж аваад явжээ. Гэвч энэ л амьдрал надад тантай цуг өнгөрөөх олон олон өвлийг, орчлонг гийгүүлэн бударсан цастай амгалан шөнүүдийг бэлэглэсэн. Санахын төдийд дэргэдээс ургаад бодит мэт биеждэг өвлийн дурсамжуудыг үлдээсэн. Тиймээс л би гомдохоос урьтаж талархах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Ой тойнд минь ааваас үлдсэн дурсамжуудыг цасаар биежүүлэн амилуулдаг өвөл чамд баярлалаа.

Холбоотой мэдээ