Малчид өвөлд эрт бэлдсэнээр малаа онд мэнд оруулж, хавартай золгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-02-13 15:56:00

Завхан/МОНЦАМЭ/. Цэцэн-Уул сумын мал сүрэг таван төрөл дээрээ өсөж 170 мянга гаруй мал тоолуулснаар түүхэндээ хамгийн олон мал тоолуулсан жил боллоо гэж сумын ЗДТГ-аас мэдээлэв.

-“Манай сумаас энэ жил сумандаа 256 малчин өрх өвөлжиж, хаваржиж байгаа. Харин отрын бүс нутагт болон зэргэлдээх Сантмаргаз, Сонгино суманд 70 гаруй малчин өрх өвөлжиж мал сүрэг тарган тавтай онд мэнд сайн ороод, урин хавартай золгож байна. 

Хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж мал сүргээ төлөөр нь өсгөн аймгийн Аварга малчнаар Оройн товгор багийн малчин Р. Энхбат, Сангийн далай багийн малчин Г.Лхагвасүрэн нар шалгарлаа. Харин сумын Аварга малчнаар Оройн товгор багийн малчин Г.Батаа, Жаргалант багийн малчин М.Доёд нарын найман малчин өрх шалгарлаа. Өнгөрсөн сард аймгийн нөөцөөс ирүүлсэн 10 тн өвс, сумын нөөцөд байсан 350 боодол өвсийг малчин өрхүүдэд хямдралтай үнээр олгоод байгаа. Малчид өвөлдөө эрт бэлдсэнээр өвөлжилт мэнд сайн, хавартай золгож байна. Харин сүүлийн жилүүдэд сумын төвийн ойролцоо уулнаас буга, согоо бууж ирж өвөлждөг болсон.

Тиймээс сумаас бодлогоор зэрлэг амьтдад өвс, тэжээл, хужир тавьж өгч байна. Энэ жил бугын тоо толгой нь өсөж 70 гаруй буга согоо уулнаас бууж ирж өвөлжлөө. Байгаль хамгаалагчид, нутгийн иргэдийн идэвх санаачилгаар тэдэнд өвс, хужир тавьж өгдөг болсноор биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүлж ажилладаг уламжлал тогтоод байна” гэв.

Ташрамд тус сум халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор сумын эрүүл мэндийн төвтэйгөө хамтраад 450 гаруй малчин, иргэдэд зөвлөмж сурталчилгааг хийжээ. Мөн цар тахлаас хамтдаа сэргийлэх, хохирол багатай даван туулах зорилгоор сумын төрийн албан хаагчдын нэг өдрийн цалин, мөн төрийн бус байгууллагуудыг уриалснаар нийт 4.6 сая төгрөгийг төвлөрүүлэн эрсдэлийн сан бий болгож эрсдэлд өртөх магадлалтай 35 өрхөд хүнсний тусламж үзүүлжээ. 

Холбоотой мэдээ