Ил задгай наймаа хийдэг иргэд цэвэрхэн орчинд худалдаа хийх боломжтой болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-02-09 22:18:48

Завхан/МОНЦАМЭ/.Тус аймгийн томоохон худалдааны төвүүдийн гадна талбайд ил задгай худалдаа эрхэлдэг иргэдийг нэгдсэн байранд оруулсан тухай Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв.

-“Аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал болон Улиастай хотын захирагч Ч.Наранбат нар Улиастай сумын томоохон худалдааны төв, захуудад бизнес хийж буй худалдаачидтай уулзаж санал сэтгэгдлийг нь сонссон. Мөн худалдааны төвүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж цар тахлын үеийн халдвар хамгааллын журам дүрэм хэр мөрдөгдөж байгаатай танилцлаа. Энэ үеэр томоохон худалдааны төвийн гадна талбайд ил задгай худалдаа эрхэлж байгаа малчид, гар дээрээс худалдаа хийж буй худалдаачидтай уулзаж тэдний нөхцөл байдалтай танилцлаа.

Коронавирусний цар тахлын хөл хорио, хязгаарлалтын үед ажил нь үе үе зогсох, бизнес нь доголдох гээд багагүй бэрхшээл бизнес эрхлэгчдэд тулгараад буй. Жижиглэн худалдаа эрхэлдэг иргэдийн хувьд амьжиргаагаа залгуулдаг бизнес нь хэдэн сараар зогссон нь тэдэнд үнэхээр хүнд тусаж байгаа. Тиймээс манай аймаг цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж,  худалдаа эрхлэгчдийг иргэдэд үйлчилгээгээ үзүүлэхийг зөвшөөрсөн байгаа. Гэтэл ил задгай худалдаа эрхлэгчид эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд буюу гадна талбайд хүнсний зүйл борлуулж байна. Тиймээс бид эдгээр худалдаа эрхлэгчидтэй санал солилцож, эдгээр иргэдийг нэгдсэн байранд оруулах талаар арга хэмжээ авахыг аймгийн Засаг дарга холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон. Ийнхүү Улиастай сумын ЗДТГ, аймгийн Мэргэжлийн хяналтын газрууд хамтран гадаа ил задгай худалдаа эрхэлж буй 30 гаруй иргэдийг  Ундрам худалдааны төвийн нэг давхарт нэгдсэн журмаар оруулаад байна. Харин түрээсийн төлбөрийг сумын ЗДТГ-аас хариуцахаар болсон байгаа. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх.

Иргэд халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдсөн газраас аюулгүй, найдвартай хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах боломжийг бүрдүүллээ. Ялангуяа цагаан сарын баяртай холбоотой иргэдийн худалдан авалт ихэссэн. Эрэлт хэрэгцээ хэрэгцээ хөдөлгөөн нэмэгдсэн энэ үед ил задгай худалдаа хийхгүй боллоо. Цаашид холбогдох байгууллагуудтай хамтраад Улиастай сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй албан байгууллагууд нийтийн үйлчилгээний газруудын халдвар ариутгалын ажлыг газар дээр нь очиж үзэж шаардлагатай зөвлөгөө мэдээллийг өгнө” гэж Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв. Ташрамд Улиастай сумын хэмжээнд томоохон худалдааны төвүүдийн гадна талбайд байнгын ил задгай худалдаа хийдэг 60 гаруй иргэн байдаг аж. Эдгээр иргэдийн тоо улирлын чанартай, цаг үеийн байдлаас шалтгаалан өсөх, буурах хандлагатай байдаг гэж албаныхан дуулгав. 

Холбоотой мэдээ