Гүний худгуудаас гурван удаа сорьц авч шинжилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-02-05 19:39:09

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн "Амь-Ус трейд" ОНӨААТҮГ он гарсаар аж ахуйн нэгж, албан байгууллага, айл өрхөөс цэвэр, бохир усны шугам сүлжээтэй холбоотой 14 дуудлага хүлээн авсан тухай мэдээлэв. 

Үүнээс цэвэр усны шугамын хөлдөлттэй холбоотой болон байгууллага, айл өрхийн цэвэр ус, бохир усны шугамын хөлдөлттэй холбоотой дуудлагуудыг хүлээн авч тухай бүр нь гэмтлийг засварлажээ. Урин дулааны улиралд усны хоолой задрах, бохир дүүрсэн гэх дуудлагууд ирдэг. Одоогоор дуудлага харьцангуй бага байна гэв. Түүнчлэн хэрэглэгчдийг ундны усны ахуйн стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангахын тулд сар бүр тогтмол аймгийн Мэргэжлийн хяналтын газрын бактерлогийн лабораторид цэвэр усны шинжилгээнд хамруулдаг байна. Он гарсаар хоёр сорьц, шинжилгээнд хамруулж нянгийн тоо нь 1мл-д зөвшөөрөгдөх хэмжээ нь 100 байхаас дээрх сорьцын хариу 0-17, E.Coli илрээгүй. Мөн дотоодын лабораторидоо химийн шинжилгээнд хэрэглэгдэх үндсэн бодисуудаа найруулан эх үүсвэр, гүний худаг болон ус түгээх байрнуудаас нийт гурван сорьцыг авч шинжилгээнд хамруулжээ. 

Энэ жил нийт 7 худгийг ухаалаг төхөөрөмжтэй болгожээ

Аймгийн төв, Улиастай суманд зөөврөөр ус хийдэг 20 орчим худагтай. Эдгээр худгуудын уснаас хоёр сард нэг удаа  дээж авч шинжилдэг ажээ.

Мөн 2020 онд Улиастай сумын ундны усны эх үүсвэрт электролизийн төхөөрөмжийг суурилуулсан байна. Тус төхөөрөмж нь усны бохирын зэрэг, нян бактерийг хэмжихээс гадна автоматаар цэвэршүүлдэг төхөөрөмж юм байна. Тус төхөөрөмжөөр Улиастай сумын ундны усны эх үүсвэрийг өдөр бүр цэвэршүүлдэг аж. Энэ жил тус сум ус түгээх байрыг таваар нэмэгдүүлж зургаан ус түгээх байрыг ухаалаг төхөөрөмжтэй болгожээ. Ухаалаг төхөөрөмж бүхий худгууд нь иргэдэд картаар усаа авах боломжийг олгоод зогсохгүй. Хоногийн 24 цагт ус түгээх боломжтой болжээ. Иргэд усны картдаа мөнгөө байршуулж, ямар ч цаг хугацаанд очсон ухаалаг худгаас ундны усаа авах боломжтой болжээ. Түүнчлэн өнгөрсөн намар Нэгдсэн үндэсний байгууллагын цэвэр усны хангамжийн төслөөр алслагдсан багийн нэг ус түгээх байрыг үлгэр жишээ засварлаж ухаалаг системтэй болгосон тухай Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ