Иргэдийн хүсэлтээр Улаанбаатар хот руу нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-02-04 16:15:07

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг өнөөдөр буюу 2021 оны 2-р сарын 4-ний өдрийн 16:00 цагт Улиастай-Улаанбаатар чиглэлд 45 хүний суудалтай автобусыг нийтийн тээвэрт явуулахаар боллоо гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-Завхан аймгаас нийслэл Улаанбаатар хот руу явах хүсэлтэй маш олон иргэн хүсэлтээ гаргаад байсан билээ. Тиймээс өнөөдрийн Улаанбаатар хот руу нийтийн тээврийн үйлчилгээг нэг автобусаар хүргэхээр шийдвэрлээд буй.

Энэ автобусанд Улаанбаатар хотын харьяалалтай иргэд болон яаралтай явах хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг бүртгэнэ. Эдгээр иргэд нь өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд буюу 3-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймагт буцаж ирэхгүй байх ёстой. Мөн эрүүл мэндийн шаардлагатай, зайлшгүй хотод очиж үзүүлэх иргэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан бичигтэй байх ёстой. Түүнчлэн буяны ажилтай иргэдийг хөл хорио дуустал ирэхгүй байх шаардлагын дагуу явуулах юм.

Өнөөдрийн 15.00 цагийн байдлаар 26 хүн Улаанбаатар хот руу явахаар бүртгүүлсэн байна. Дээрх шаардлагуудыг хангаж байгаа иргэд аймгийн Шуурхай штаб дээр очиж бүртгүүлэх юм” гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

Ташрамд, Улаанбаатар хот руу нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх автобус нь Завхан аймгийн иргэдийг татан авах үеэр ирсэн. Автобусны жолооч нь 14 хоногийн гэрийн тусгаарлалтыг мөрдөөд дууссан Улаанбаатар хотын автобус аж. 

Холбоотой мэдээ